БАЯНЦАГААНЫ АДАГИЙН БУГАН ХӨШӨӨ

Архангай аймгийн Ихтамир сумын нутаг Хойд тамир, Баянцагаан хоёр голын уулзах бэлчир дэнжид эвдэрч сүйдсэн том чулуун булшны дэргэд есөн буган хөшөө бийн зарим нь ихэд эвдэрч, бүгд анхны байрнаасаа хөдөлжээ. Хойд захаас эхлэн дугаарлаж авч үзвэл:

1-р буган хөшөө. Энэ буган хөшөөг саарал өнгийн гантиг чулууг сайтар засаж хийсэн бөгөөд 2.52 м өндөр, 0.77 м өргөн, 0.25 м зузаан хэмжээтэй. Дээд хэсгийн нүүрэн талд дугуй цагираг (нар), нумласан зураас (сар), ар талд нь том жижиг хоёр дугуй түүнээс доош хөшөөг тойруулан нэг эгнээ олон жижиг хонхор цохиж гаргажээ. Хөшөөний дунд хэсэгт амьтдыг загварчлан дүрслэх сонгодог аргаар есөн бугын толгойг нь хөшөөний орой руу хандуулан дүрсэлжээ. Эдгээр бугын доогуур хөшөөг тойруулан 12 см өргөн бүс цохиж гаргаад хөшөөний ар талд нь байлдааны сүх, урд нь чинжаал хутга, хажууд нь бамбай (дотроо нэг жижиг дугуйтай таван талтай эдлэлийн дотуур нь оройн шовгортой зэрэгцүүлэн тагнай маягаар зураас гарган хээлжээ) зэрэг зэр зэвсгийн зүйлийг зүүсэн байдлаар дүрсэлжээ.

 

2-р буган хөшөө. Энэ хөшөөнөөс 1.10 м урт, 0.45 м өргөн, 0.30 м зузаан хугархай л үлдсэн, түүн дээр загварчлан урласан ганцхан бугын цээжний дүрс байгаа нь муухан мэдэгдэх ба бусад хэсэг нь эвдэрч сүйджээ.


3-р буган хөшөө. Энэ хөшөөний 0.80 м урт, 0.33 м өргөн, 0.28 м зузаан оройн хэсэг байгаагийн нүүрэн талын дээд хэсэгт том жижиг хоёр дугуй цагираг (нар, cap) дүрслээд доогуур нь хөшөөг тойруулан нэг эгнээ олон жижиг хонхор гаргажээ. Түүний доор хөшөөний ар өвөр хоёрт нэгдэх хөшөөн дээр урласан шиг нэг буга дүрсэлсний зөвхөн цээжин хэсэг нь үлджээ.


4-р буган хөшөө. Энэ хөшөө нь 1.85 м өндөр, 0.45 м өргөн, 0.24 м зузаан бөгөөд маш их эвдэрсэн учир түүний дунд хэсэгт дүрсэлсэн 8.5 см өргөн бүс нэг бугын их биенээс бусад нь мэдэгдэхээ больжээ.


5-р буган хөшөө. 0.71м урт, 0.47м өргөн, 0.34м зузаан хугархай үлдсэний дээрх дүрс зураг нь бүгд эвдэрч сүйдэж мэдэгдэхээ больжээ.


6-р буган хөшөө. Улаан өнгийн гантиг чулууг засалгүй хийсэн 1.65м урт, 0.65м өргөн, 0.22м зузаан хэмжээтэй бөгөөд нүүрэн талд дөрвөн буга, ар талд хоёр бугыг загварчлан бамбайн хамт цохиж урлажээ. Бугыг дүрсэлсэн арга барил нь нэг дэх буган хөшөөн дээрхтэй ижил.


7-р буган хөшөө. Саарал өнгийн гантиг чулууг сайтар засаж хийсэн 3.62м өндөр, 0.52м өргөн, 0.5м зузаан хэмжээтэй, нүүрэн талын дээд хэсэгт дугуй цагираг (нар)-ыг доош нь хоёр салаалсан тууз цацрагтай унжуулан дүрсэлжээ. Дугуй цагиригын доогуур хөшөө тойруулан голдоо олон жижиг дөрвөлжин товгортой хонхор цохиж гаргажээ. Эх биеийг тойруулан долоон том буга, тэдний доогуур хөрөөний ир шиг хээтэй өргөн бүс гаргажээ. Бүсний доор хоёр жижиг буга, чинжал хутга зэргийг дүрсэлсэн.


8-р буган хөшөө. Саарал өнгийн гантиг чулууг сайтар засаж хийсэн 3.9м өндөр, 0.42м өргөн, 0.41м зузаан хэмжээтэй, нүүрэн талынхаа дээд хэсэгт дугуй цагираг (нар),  их биеийг тойруулан ямар ч хээгүй бүс гаргаж бүсний дээр байлдааны зээтүү маягийн зэвсэг дүрсэлжээ.


9-р буган хөшөө. Саарал өнгийн гантиг чулуу засалгүй хийсэн 2.58м өндөр, 0.96м өргөн, 0.17м зузаан хэмжээтэй бөгөөд нүүрэн талын дээд хэсэгт дугуй цагираг (нар), доор нь нум (сар), түүнээс доош дөрвөн буга, дөрвөн янгир, нум сум, дугуй тамга, өөр нэгэн тамга, чинжал хутга, зүүн хажууд нь хойно хойноос нь цувуулан есөн янгир, баруун хажуугийн доод хэсэгт бамбай, ар талын дээд хэсэгт иштэй дугуй цагираг (нар) түүнээс доош их биен дээгүүр таван буга, байлдааны зээтүү зэргийг дүрсэлжээ.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0