Хөвсгөл аймгийн Галт сумын төвөөс хойш 10 км зайд Идэр голын хөндий рүү хойноосоо орж
ирсэн амыг "Нүхт" гэж нэрлэх бөгөөд энд хүннүгийн үед холбогдох дугуй
чулуун далантай 100 булш, тэднээс баруун хойно 50м зайд хоёр буган хөшөөтэй
ажгуу.
1-р буган
хөшөө. Хар ногоон өнгийн гантиг чулууг засалгүй хийсэн бөгөөд түүний нүүрэн
талын өргөн хавтгайн дээд хэсэгт нар, их биенд таван бугыг толгойгоор нь
хөшөөний дээд тал руу жишүүдүү хандуулан загварчлан дүрслээд ар талын өргөн
хавтгайд мөн адил дөрвөн буга урласны доороосоо хоёр дахийг толгойгоор нь
хөшөөний доод тал руу хандуулан сийлжээ. Хөшөөний зүүн талын нарийн хавтгайн
дээд хэсэгт нэгэн бугыг хошуугаар нь дээш нь хандуулж дунд хэрд бамбай, түүнээс
хоёр бугыг зөрүүлэн нэгийг нь хошуугаар дээш, нөгөөг доош харуулан мөн
загварчлан дүрсэлжээ.
Хөшөө 1.8 м өндөр, 0.6 м өргөн, доогуураа 0.4 м дээгүүрээ 0.15 м зузаан.
2-р буган
хөшөө. Нэг дэх буган хөшөөнөөс зүүн хойш дөрвөн метрийн зайд оршино. Энэ хөшөөг
хар ногоон өнгийн гантиг чулуугаар үйлдэж нүүрэн талын өргөн хавтгайд гурван
бугыг загварчлан дүрсэлсний хоёрыг хошуугаар нь хөшөөний орой руу хандуулжээ.
Гурав дахь бугыг эврээр нь хөшөөний орой руу хандуулсан бөгөөд түүний эврийг
буган хөшөөн дээр элбэг тохиолддог шиг их биеийг дагуулж урлаагүй харин чанх
дээш нь босгож урласан нь сонин аж. Энэ хөшөөний зүүн хажуугийн дээд хэсэгт
нар, дунд чинжал хутга сийлж доогуур нь бүс татаж түүнийхээ дор нэгэн тамга
цохиж гаргасан бөгөөд хөшөөний ар талын хавтгайн дээд хэсэгт нар, түүнээс доош
гурван бугыг загварчлан дүрсэлсний хоёр захынх хошуугаараа хөшөөний оройруу жишүүдүү
хандсан байхад дундах нь эсрэг зүгт ханджээ. Хөшөөний баруун талын нарийн
хавтгайн дээд хэсэгт бамбай, түүний доор хошуугаар нь хөшөөний орой руу
хандуулан нэг бугыг загварчлан дүрсэлжээ. Хөшөө 1.8 м өндөр, 0.5 м өргөн, 0.22
м зузаан.