ДЭЭД УЛААН ГОВИЙН АМНЫ БУГАН ХӨШӨӨ

Ховд аймгийн Мөнххайрхан сумын төвөөс урд зүгт Дээд улаан говийн аманд хоёр ширхэг буган хөшөө, жижиг хиргисүүрийн хамт бий. Хиргисүүрийн урд талд 20 метр зайд 1,60 см өндөр, 0,50 см өргөн, 0,20 см орчим зузаантай цагаан өнгийн боржин уг чулуун хөшөөний нүүрэн талд дээрээ дугуй (нар)-ны дүрсийг хонхойлгосон бус төвгөр байдлаар давхар хүрээтэй гаргаж жижиг толь, түүний дор хөшөөний дунд хэсэгт нэгэн нумыг саадагтай нь нэлээд том, саадагны дор сүхний балтыг битүү хонхойлон цохижээ.

Саадагтай нум, балтны баруун талд зэрэгцүүлэн соотон чихтэй, урт хүзүү, нарийн хөл биетэй нэгэн морь сийлжээ. Хөшөөний хойд талд бугын дүрсийг сонгодог хэлбэрээр дээш тэмүүлж буй байдалтай дүрсэлсний сацуу нэгэн адууг хөшөөний дор хэсэгт жижгээр сийлсэн байна. Хиргисүүрийн дэргэд буй хоёр дахь буган хөшөө нь жижиг хэмжээтэй, буган хөшөөнд байдаг зураас тэмдэг, горхиноос өөр дүрслэл үгүй. Дээд Улаан говийн эндэх дурсгал нь хүрлийн сүүл, төмөр зэвсгийн үед холбогдох сонирхолтой дурсгал юм.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0