Архангай аймгийн Өлзийт сумын
Мөнгөний хөндий хэмээх жижиг толгодтой уудам хөндийд хойноосоо урагш цуварсан
гурван хиргисүүр байх агаад гадаад байдлаараа тоногдсон бололтой төв хэсгээрээ
хонхойжээ. Мөн зүүн тийш чиглэсэн эгнээ зэл чулуутай болно. Зэл чулууны дунд
эгнээний эхний хэсэгт буган хөшөө босгожээ. Түүн дээрх зураг нь маш жижиг бөгөөд
бамбай болон дугуй дүрсийг холбосон байдалтай юм.
Түүний
хажууд бас өөр нэг чулуун хөшөөний хэлтэрхий бий бөгөөд түүн дээр бугын
дүрснээс өөр зүйл ажиглагдаагүй. Мөн Өлзийт
сумын зүүнээр буюу Орхон голын хөндийд нэгэн хэсэг дөрвөлжин булштай газар бий. Эдгээр булш нь нэлээд эвдэрч газрын хөрснөөс ялгагдахгүй болжээ.
Энд нийт дөрвөн буган хөшөө бий
бөгөөд үүний нэг нь босоогоороо бусад нь зүүн тийш 15 м орчим зайд унаж бараг
бүхлээрээ шороонд дарагджээ. Эдгээр буган хөшөөнүүдийн нэгдүгээр буган хөшөө нь
2,5 м урттай, 1 м өргөнтэй бөгөөд нийт долоон том бугыг сонгодог хэлбэрээр
дүрсэлж мөн жижиг дөрвөн бугыг доороос нь дээш өлийлгөсөн маягтайгаар
цоолборложээ. Хөшөөний нэг талд нөгөөгөөс харьцангуй том хутга, мөн цагирган
тольт жижиг хутга сийлжээ. Энэ талд хамгийн доод талын буганы эврийн хооронд
нэгэн жижиг янгир дүрсэлсэн байна. Буган хөшөөний нөгөө талд дөрвөн бугын доод
талд байлдааны сүх, дээд талд нь "нар" дүрсэлсэн байна. Энэхүү буган
хөшөө нь он цаг, дүрсэлбэрийн хувьд өмнө судлагдаж байсан зарим буган хөшөөтэй
ижил юм. Он цагийн хувьд VI-V
зуунд
хамрагдах бололтой.