ДААГАН ДЭЛИЙН БУГАН ХӨШӨӨ

Завхан аймгийн Шүлүүстэй сумын Дааган дэл уулын хойд энгэрийн уужим дэвсэгт хоёр эгнээ найман буган хөшөө буй. Эдгээрийн хоёр нь ойчиж газарт гүнзгий шигдэн өвс хагаар хучигджээ. Хөшөөнүүдийн баруун эгнээний хамгийн хойд талаас эхлэн дугаарлаж тодруулан өгүүлвэл:

1-р Буган хөшөө: Ягаавтар боржин чулуугаар сайтар засан үйлдсэн, өндөр нь 2,05 м, өргөн нь 0,4 м, зузаан нь 15 см. Хөшөөний гадарга нэлээд элэгдэлд орсон тул түүнд дүрслэгдсэн зүйлс дөнгөж үзэгдэх төдий болж бүдгэрчээ. Гэхдээ бугыг сонгодог аргаар үйлдсэн нь илт ажиглагдана.


2-p Буган хөшөө: Бусад хөшөөнүүдээс баруун хойшоо 9 метрийн зайд оршино. Өндөр 2,2 м, өргөн 0,38 м, зузаан 0,23 м. Ягаавтар өнгийн боржин чулуугаар үйлдсэн. Нүүрэн тал нь баруун тийш хандсан. Хөшөө нь дээд, доод талдаа бүслүүртэй, дээд талын бүслүүрийг хоёр зэрэгцээ шугамаар тэгш өнцөгт хонхорхой гаргаж доод талын бүслүүрийг харьцангуй өргөн хос шугамаар дүрслэн түүний хооронд гурван эгнээ жижиг зууван дүрсүүдийг цохижээ. Дээд доод хоёр бүслүүрийн хоорондох зайд бугын дүрсүүдийг сонгодог аргаар урлажээ. Буган хөшөөний урд (нарийн) талд доод бүслүүрийн доор хутга, нум сум, эсрэг талд нь бүслүүрийн дээр таван өнцөг бүхий бамбай, бүслүүрийн доор морины зургийг сийлжээ. Буган хөшөөний зүүн талын дээд хэсэгт 5,8 см голч бүхий хоёр дугуй дүрс, бүслүүрийн доор чинжаал хутга, мөн дээрхийн адил морины дүрс цохижээ. Мөн баруун талын дээд хэсэгт бугын дүрс гаргажээ.


3-р Буган хөшөө: Энэхүү буган хөшөө нь нэлээд эрт унасан бололтой. Хөшөөг ягаавтар өнгийн боржин чулуугаар гадаргыг нь сайтар засаж хийсэн боловч хожим үлэмж элэгдэж эмтэрчээ. Хөшөөний өндөр 2,8 м, өргөн 0,37 м, зузаан 0,29 м. Хоёрдугаар буган хөшөөтэй адил хос бүслүүртэй бөгөөд дээд талын бүслүүр нь хоорондоо зууван хэрчимтэй хоёр шугам, доод талын бүслүүр хоёр эгнээ жижиг дугуй үүдтэй зэрэгцээ ховилон шугамтай аж. Хөшөөний урд (нарийн) тал дахь доод бүслүүрт чинжал хутга, эсрэг талд нь (бүслүүрийн дээр) таван өнцөгт бүхий бамбай, баруун талын дээд хэсэгт дугуй дүрс, түүний дээр зөрсөн сүх дүрсэлсэн байна.


4-р Буган хөшөө: Мөн ягаавтар өнгийн боржин чулуугаар үйлдсэн. Өндөр 1.67м, өргөн 0.36м, зузаан 0.17м. Хөшөөний урд (нарийн) талд хадуур хэлбэрийн зүйл, эсрэг талд нь таван өнцөг бүхий бамбай, зүүн талын дунд хэсэгт дугуй хэлбэрийн хонхорхой дүрслэн гаргажээ. Хөшөөний баруун талын зураг харьцангуй сайн мэдэгдэх агаад түүний дээд хэсэгт 10 см голчтой тойрог, доор нь нарийн ховилон дээд бүслүүр, дунд хэсэгт нь хоёр морины дүрстэй. Эдгээрийн доор өнцгөн зураас бүхий доод бүслүүр байна. Бүслүүрийн доор хутга, билүү бололтой хоёр зүйл дүрсэлжээ.

5-р Буган хөшөө: Хөшөөнүүдийн баруун эгнээний хамгийн сүүлийн энэ хөшөөний өндөр 1.84 м, өргөн 0.4 м, зузаан 0.2 м. Мөн л ягаавтар өнгийн боржин чулуугаар үйлдсэн. Хөшөөний дээрх зураг муу хадгалагдаж үлдсэн, Доод бүслүүр нь хоорондоо хоёр эгнээ нэг цэг бүхий зэрэгцээ шугамтай, түүний дотор хутга, билүү хэлбэрийн хоёр дүрс, эсрэг талд нь таван өнцөгт бүхий бамбай, зүүн талд нь бүслүүрийн доор сэтэрхий бариултай хутга буй.

6- р Буган хөшөө: Хөшөөнүүдийн хоёр дахь эгнээний хамгийн хойд талын эл буган хөшөөг 2.5 м өндөр, 0.39 м өргөн, 0.16 м зузаан ягаавтар боржин чулуугаар үйлджээ. Хөшөө нь хоёр бүслүүртэй бөгөөд доод бүслүүр нь дундаа гурван эгнээ цэг бүхий хоёр зэрэгцээ шугам, өмнө талын доод бүслүүрийн дээр таван өнцөгт бамбай, зүүн талын дээд хэсэгт 14 см голчтой тойрог, доод хэсэгт сонгодог дүрсэлбэр бүхий сонгодог дүрслэл бүхий бугын дүрстэй ижил нэгэн зүйлийг дүрсэлсэн байв. Хөшөөний баруун талын дээд хэсэгт 15см голчтой тойрог, бүслүүрийн доор бугын дүрс байна.

7-р Буган хөшөө: Хөшөөг 2,8 м өндөр, 0,4 м өргөн, 0,33 м зузаантай ягаавтар өнгийн боржин чулуугаар үйлдсэн. Хөшөө нь хоёр бүслүүрээр хуваагдах бөгөөд дээд талын бүслүүр нь хоорондоо нарийн ховилон шугамаар холбогдсон дугуй нүд бүхий эгнээ аж. Доод талын бүслүүрийг есөн см өргөнтэй, дундуураа дөрвөн эгнээ цэгүүдтэй хоёр зэрэгцээ шугамаар дүрсэлжээ. Бүслүүрүүдийн дунд хэсэгт бугын дүрсийг сонгодог маягаар дүрсэлсэн. Нүүрэн (нарийн) талын бүслүүрийн доор хадуур хэлбэрийн зүүлт, хутга зэрэг дүрслэгдсэн. Нүүрэн талын эсрэг талд таван өнцөгт бүхий бамбайг, хөшөөний зүүн талын дээд хэсэгт 15 см голчтой тойрог, доод бүслүүрт нь хутга, билүү зүүлттэй байгаа мэтээр дүрслэгджээ. Эл талын доод бүлүүрийн дээр таван өнцөгт бамбай, хоёр дахь удаагаа дүрсэлжээ. Хөшөөний баруун талын дээд хэсэгт 16,5 см голчтой тойрог, доод бүслүүрт байлдааны сүх буй.

8-р Буган хөшөө: 2.75 м өндөр, 0,4 м өргөн. 0.33 м зузаантай ягаавтар өнгийн боржин чулуугаар үйлдсэн. Хөшөөний зураг нь бусад хөшөөний зургуудаас арай өөрөөрөө онцлогтой. Хөшөөн дээр ямар нэгэн амьтны зураг байхгүй бөгөөд дээд бүслүүр зөвхөн өнцөгт xoc ховилоос бүрдэнэ. Уг бүслүүрт цагирган сэнжтэй хутга зүүсэн мэт. Эсрэг талд нь ямар нэгэн зураг дүрс байхгүй. Хөшөөний зүүн талын гол хавьд 22см голчтой тойрог, түүний доор таван өнцөгт торлосон дүрстэй бамбай, бүслүүрийн доод хэсэгт билүү, мөн 60см урттай чинжаал хутга, хөшөөний баруун талд бүслүүрийн доор сүх мэтийг дүрсэлжээ.

Дааган дэл уулаас 5км зайд буюу Отгон сум орох замд мөн бүлэг буган хөшөө (8 ширхэг) бий. Эдгээр буган хөшөөнүүд хэмжээгээрээ том биш, өндөр нь нэг метр орчим бөгөөд ягаавтар өнгийн боржин чулуугаар үйлджээ. Буган хөшөөдийн дэх зургуудыг хөнгөн зураасаар гаргасан учир муу харагдах боловч үндсэндээ бугын зураг үзэгдэнэ.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0