БУГАН ХӨШӨӨ

Монгол улсын ихэнх аймаг нутаг, ОХУ-ын Тува, Байгал нуурын өвөр бие нутгаар өргөн тархсан "буган хөшөө" нь хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед тухайн нутагт оршин сууж байсан овог аймгийн түүх, соёлын гайхамшигт дурсгал юм.


Буган хөшөө гэж гонзгой урт чулууны хажуугийн дөрвөн урт талыг сайтар засаж, гурав зааглан гол төлөв нүүрэн талын, заримдаа нүүрэн ба ар талын оройн хэсэгт дугуй цагираг (нар, cap)  хөшөөний их биеийг ороолгон гол төлөв хэд хэдэн бугыг загварчлан дүрслэх сонгодог аргаар урлаж, тэдний доогуур бүс татаж зэр зэвсэг зүүсэн байдалтай дүрсэлсэн хөшөө чулууг хэлэх бөгөөд мөн байгалийн бэлэн чулууг засалгүй авч сийлсэн байхаас гадна зэр зэвсэг дүрслээгүй буган хөшөө ч элбэг тохиолддог.


Буган хөшөөний бугын дүрсийг бодит байдлаар, мөн бугын оронд буюу бугын дүрсний зай завсарт адуу, зээр, янгир, гахай, шувуу, ирвэс зэрэг амьтдыг урласан байх нь хааяа дайралдах авч тийм дүрстэй хөшөө тооны хувьд тун цөөн, өргөн тархаагүй, мөн сонгодог хэлбэрийн буган хөшөөний зохиомж хөшөөнд сийлсэн тамга, бүс, зэр зэвсгийн хувьд төдийлөн онц ялгагдах зүйлгүй бөгөөд буган хөшөөний үндсэн шинж төрхөөс өвөрмөц шинж байдлыг гаргаж эс чадах учир "адуун чулуун хөшөө", "зээрэн хөшөө" гэх мэт хөшөөний шинэ хэлбэр төрх болгон авч үзэх шаардлагагүй билээ. Буган хөшөө тал хөндий, уулын бэлд юм уу жижиг уул толгойн орой дээр ганц нэгээрээ буюу хэд хэдээрээ тохиолдох агаад мөн хиргисүүр, дөрвөлжин булшны дэргэд, тэдний гадаад хана, булангийн хөшөө чулуу болгож босгосон байхаас гадна заримдаа авсны таг хана болгож ашигласан байх тохиолдол буй.

Буган хөшөө дунджаар 1-4 метр гаруй өндөр, 20-40 м зузаан, 100-130 см өргөн хэмжээтэй байдаг. Түүнийг үйлдэхэд зураасан зураг, сийлбэр уран баримлын аргын аль алиныг хэрэглэсэн байх тул сүрлэг уран баримал (монументаль) хэмээн судлаачид үзэж ирсэн. Буган хөшөөг Монголын болон гадаадын олон судлаачид гол төлөв археологийн талаар судлан өөрсдийн санал бодлыг дэвшүүлсэн байдаг бөгөөд тэдгээрийг төмөр зэвсгийн түрүү үеэс Х.Т.Ө III зуун хүртэл бүтээгдэж байсан дурсгал гэж үздэг.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0