ҮҮРТИЙН ТОХОЙ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төвөөс зүүн хойш 18 километр зайд орших Орхоны хүрхрээнээс зүүн тийш Хужирт орох замд тааралдах ханан хад бүхий хавцлыг Үүртийн тохой гэдэг. Далайн төвшнөөс дээш 1630 метр өндөр. Энд дотрын өвчинд тустай нүүрсхүчлийн хий бүхий исгэлэн хүйтэн рашаан байдаг.

Анх Хүүртийн тохой гэдэг нэртэй байжээ. Энэ тухай олон янзын домог бий. Түүний нэг нь, эрт үед Үүртийн тохой нь Үйлтийн тохой гэдэг нэртэй байжээ. Учир нь Галдан бошигт олзолж авсан цэргүүдээ Үйлтийн тохойн хавцлын эрэг дээрээс шахан унаган хороодог байжээ. Нөгөө нэг домог нь Галдан бошигт Өндөр гэгээн Занабазарыг барихаар Төвхөн хийдэд ирэх замд нь Орхон гол гэнэт үерлэн Галдан бошигтын цэргүүд олноороо усанд үйж үхжээ. Үхсэн цэргүүдийн хүүр Үүртийн тохойд овоорон гарч ирсэн тул Хүүртийн тохой гэж нэрлэжээ. Энэ хэллэг сунжирсаар Үүртийн тохой болсон гэх. Энэ үйл явдлын дараа Манжийн хаан Өндөр гэгээн Занабазарыг аварсан Орхон голд “Түшээ гүн” цол олгож, Улаан цутгалангийн тогоонд жил бүр 100 лан цагаан мөнгө өргөж байх зарлиг гаргасан хэмээдэг. Социализмын үед бурханы шашныг хавчин хаахад нутгийн ард түмэн бурхан тахил зарим эд хөрөнгөө энэхүү Улаан цутгаланд өргөл болгон өргөсөн гэдэг. Бас нэгэн домогт, Улаан гол нь анх цутгалан болж урсах усгүй, зөвхөн хайрга байсан гэх. Цэрэг дайны үед Монголын хэдэн цэрэг гамингуудад хөөгдөн амь дүйж яваад Улаан голын хайрган дээгүүр гарсан гэнэ. Тэдгээр монгол цэрэг дунд нэгэн ном эрдэмтэй цэрэг явсан гэх бөгөөд мөнөөх цэрэг “Улааны гол минь улаанаар урс” хэмээн дуу алдан орилжээ. Гэтэл Улаан голын дагуу улаанаараа эргэлдсэн үерийн ус орж ирэн гамин цэргүүдийг аван одсон гэнэ. Тэр үерт үйж үхсэн цэргүүдийн хүүр Үүртийн тохойд ирж хуралдсан учир Хүүртийн тохой гэдэг нэртэй болжээ. Хожим нь олон хүний хүүр оршсон энэ газарт байнга хүн мал эндээд байхаар нь нэрийг нь өөрчилж Үүртийн тохой болгосон хэмээдэг.

Орхон гол нь Улаан эргийн тохой гэдэг газраас Үүртийн тохой хүртэл тасралтгүй 10-25 метрийн өндөр хавцлаар 60 гаруй километр зам туулан урсдаг.
 
Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0