ШОВГОР ХАДНЫ ЗУРАГ

Увс аймгийн Сагил сумын төвөөс 18 км орчим зайтай Баруун, Зүүн, Дунд Турга гэж хад цохиотой гурван намхавтар уул оршино. Баруун Тургын урд талын жижиг толгойг Шовгор хад гэнэ. Баруун Тургын урд талын жижиг толгойг Шовгор хад гэнэ. Эндэх бараан өнгийн хаднаа эрт дээр үеийнхний урласан хүн, амьтан тамга тэмдгийн дүрс зураг цөөнгүй бий. Хаданд хонхойлон цохисон тэдгээр дүрсийн дотор баргил том эвэртэй, тайван зогсож буй ганц янгирыг зүүн тийш, зургаан янгир, нэг бугыг бүгдийг баруун тийш харуулан зурсны дотор хамгийн доод талд буй янгирын гөхөл, чих, сүүл, эврийн нугачаа зэргийг зориуд цохон бусдаас илүү уртай харуулжээ. Зүүн дээд талд нь том янгирын араас жижиг ишиг нь дагаад гүйж яваа байдлыг илэрхийлсэн байна. Янгируудын дунд дээшээ эгц босоо олон салаа эвэртэй бугыг ихэд тайвуухан байдлаар дүрсэлжээ.

Янгирын сүргүүд, буга, сүүлээ унжуулсан чоно зэргийг зургалсан хадны зүүн хэсэгт нэг янгирын араас морьтой хөөж яваа хүнийг дүрслэхдээ хөлийг нь морины гэдэснээс доош унжуулсныг үзэхэд уг хүн зайдан морьтой яваа бололтой.

Нэгэн хаднаа янгир буга, чоно зэрэг 20 гаруй амьтдыг дүрсэлсний дотроос зүүн доод хэсгийн ноцолдож цоройсон хоёр янгирын зураг сонирхолтой. Гурван чоныг урт сүүлтэй тоймложээ. Баруун доод талд нь жижиг соотон чихтэй, урт хөлтэй, охор бус нарийн сүүлтэй амьтан байгаа нь ерөнхий төрхөөрөө ирвэс шилүүсийг санагдуулна.

Энэ хадны дээд хэсэгт хоёр янгир, доор нь олон салаа эвэртэй бугын өөдөөс алцайж зогсоод нум сумаар харваж буй эр хүн, баруун доод хэсэгт нь нэг жижиг амьтан байна. Мөн хадны зүүн хэсэгт янгир, өөр нэг амьтны төрх, баруунтай нь янгирын араас хөөн хонгодож буй чоно байх аж. Дээд хэсэгт нь таван товгор, тэдгээрээс салбарласан хоёр үзүүр, доор нь есөн товгор, түүнээс салбарласан зургаан үзүүр бүхий аливаа хадны зурагт ховор тохиолддог дүрс байна. Энэ бүх зураг дүрслэлийн сэдэвт Монгол орны хад чулуун дээр хадгалагдан үлдсэн хадны зургуудад нийтлэг байдаг янгир, чоно мэтийн зургууд зонхилж байгаа нь харагдах бөгөөд он цагийн хувьд эдгээр нь хүрэл зэвсгийн үед буюу Х.Т.Ө III-I мянган жилд холбогдох юм.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0