ШАРЫН ГОЛЫН ЗОСОН ЗУРАГ

Сэлэнгэ аймгийн нутаг Дархан хотоос хойш 25 км орчимд Шарын голын хойд хөндийд орших жижиг нуурыг Цагаан нуур гэнэ. Нуураас зүүн тийш 5 км орчимд Шарын голын хөндий руу хойноос нь төрж орсон хадтай жижиг уул буй бөгөөд урд баруун хормойгоор нь дугуй, дөрвөлжин чулуун далантай жижиг булш 20 гаруй тааралдана. Тэрхүү уулын урд талын хясаалж тогтсон толигор хаданд эрт үед гурван хэсэг газар улаан зосоор зураг зурсныг 1980 онд А.П.Окпадников, Д.Дорж нарын удирдсан Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн чулуун зэвсгийн дурсгал судлах ангийнхан олж илрүүлжээ.


Эхний зураг. Зурагнуудын зүүн дээд талынх эхнийх гэвэл эндэх урд зүгт харсан том толигор хаднаа далавчаа дэвээд халин нисэж буй бүргэд маягийн шувуу, түүний баруунтай доор хоёр зэрэгцээ эсрэг зүг хоёр хоёроороо цуварч яваа дөрвөн морь дүрсэлсэн нь байршлын хувьд сонин. Дээд талын замаар явж буй морь баруун тийш, доод замаар явж буй хоёр морь зүүн тийш цуварчээ. Морьдыг гурвалжин шовх чихтэй, уртавтар биетэй, нарийвтар хөлтэй зуржээ.


Хоёр дахь зураг. Эхний зургаас хоёр метр орчим зайтай, түүний баруун доор байна. Энд өргөн зураасаар дөрвөлжин хүрээ татаж түүний дотор дээд хэсэгт нь нэг эгнээ таван цэг, төв хэсэгт хоёр хүний тойм дүрс, баруун доод хэсэгт нь гурван цэг дүрсэлжээ.


Гурав дахь зураг. Хоёр дахь зургаас баруунтай 5 км орчим зайд оршино. Энд гурван хүнийг хөтөлцөөд зогсож буйгаар дүрсэлсэн бөгөөд тэдний дээр, нэг, зүүн талд нэлээд зайтай бас нэг, нийт таван хүн дүрсэлжээ Шарын голын эдгээр зосон зураг нь он цагийн хувьд хүрэл зэвсгийн сүүл үе буюу Х.Т.Ө II зуунд хамаарна.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0