ШАР БУЛАГИЙН ОНЦЫН ХАДНЫ ЗУРАГ

Увс аймгийн Өлгий сумын нутагт байдаг энэхүү хадны зурагт эртний хадны зурагт ихээхэн тааралддаг аргаль, янгирын зургаас гадна том сүүлтэй, урт сэлмэн эвэртэй үхрийн зураг ихээхэн байх бөгөөд буга, тэмээний зураг цөөхөн тоотой үзэгдэнэ. Мөн хүнийг дүрсэлсэн зураг олны дотор уран тод дүрслэлт зогсож буй хүн, хоёр амьтны хүзүүн дээрээс барьсан хүн, нум сумаар харваж буй хүн зэргийн зургийг эндээс үзэж болно. Хүнийг дүрслэхдээ бусад газрын эртний хадны зурагт байдаг шиг ямар нэг байдлаар тоймчлоогүй, бодит байгаа байдлаар нь зурахыг оролдсон, басхүү зарим нэгэн зурганд өмд малгайтайгаар ч урласан нь бий. Бугыг зурахдаа богино хошуу, дээш олийсон эвэртэй дүрсэлжээ. Зэрлэг амьтдыг агнаж байгаа байдлыг үзүүлсэн зураг нэлээд сайн хадгалагдаж үлдсэн байх бөгөөд нэгэн зурагт хазаар ногттой морь унаж, бүсэндээ чинжал хутга зүүн, нум сумаар зэвсэглэсэн анчид ан амьтдын араас явж байгааг харуулжээ. Морьтонгуудыг гуталтай, малгай өмссөн байдалтайгаар зурсан байна. Нэгэн морьтон чихтэй малгай өмссөн нь манай анчдын дунд өнөөдөр ч хэрэглэгдэж байгаа тарвага даллаж агнахдаа өмсдөг малгайтай төстэй санагдана. Эдгээр морьтой анчдын урдхан талд нуруундаа 6-7 сум зоолгосон нэг аргаль, дөрвөн сум зоолгосон бас нэгэн аргалийг зуржээ. Шар булагийн Онцын хадны зураг нь он цагийн хувьд төмрийн түрүү үед хамаарна.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0