ЦАГААН САЛААГИЙН ХАДНЫ ЗУРАГ

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Цагаан Салаа буюу Бага Ойгорын хадны зургийг анх 1979ондархеологич Д.Цэвээндорж нээн илрүүлж, 1994- 1996 онд Монгол-Орос-Америкийн хамтарсан "Алтай" төслийн хүрээнд нягтлан шинжилжээ. Бага Ойгорын уулын өвөр биеийн хаднаа 15 км зайд хэсэг хэсгээр зурагдсан энэ дурсгалыг эртний хүмүүсийн зураг урлалын бүхэл бүтэн галерей гэж хэлж болох бөгөөд нийтдээ 10000 орчим зургаас бүрддэг хэмээн тогтоожээ. Эдгээр зургуудын гол сэдэв нь мал аж ахуй, ан агнуур бөгөөд ан амьтдыг голдуу зуугаас дээш тооны сүргээр, том томоор дүрсэлсэн онцлог юуны өмнө ажиглагдана. Үүнээс гадна эндэх хадны зургууд агуулга, дүрслэл, зохиомжийн хувьд хамгийн баялагт тооцогддог онцлогтой.

Цагаан салаагийн хадны зураг нь шинэ чулуун зэвсгийн үе (Х.Т.Ө 6000-3000 жил) болон хүрэл зэвсгийн үе (Х.Т.Ө 3000-1000 жил)-д буюу Монгол нутагт оршин суугчид эртний анчдаас мал аж ахуйд шилжиж, улмаар нүүдлийн сонгодог мал аж ахуйг хөгжүүлж эхэлсэн үе цагт холбогдох эртний зураг урлалын хосгүй дурсгал юм. Иймэрхүү хадны зураг Дундад Ази, Өмнөд Сибирь, Алтай хийгээд Хятад, Төвдөд өргөн тархсан байдаг боловч талбай, тоо хэмжээ. уран сайхны илэрхийллээр Цагаан салаагийн хадны зураг тэдгээрээс хавьгүй давуу юм.        

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0