ЦАГААН ӨТӨГИЙН ХАДНЫ ЗУРАГ

Увс аймгийн Сагил сумын нутагт, сумын төвөөс зүүн хойш 18 км орчимд орших Зүүн Тургийнн Хар нартын урд талын амыг Цагаан өтөг гэнэ. Цагаан өтгийн амны дээд эх, хойд энгэрийн хаднуудад хонхойлон сийлсэн эртний хадны зураг олон. Энэ амны эхний өвөлжөө бууцны орчмоос саарал өнгийн цахиурлаг чулуугаар хийсэн палеолитын үеийн чулуун зэвсгүүд ч нэлээд элбэг олддог. Эрт дээр үеийнхэн эндэхийн хад чулуунууд дээр ихэвчлэн янгир голдуу, буга, чоно, нохой мэтийн амьтдыг гаднах галбир төрх, хөдөлгөөн эр, эм хүйс зэргийн талаас нь онцолж дүрсэлсэн байхаас гадна тухайн үеийн анчин гөрөөчид, ялангуяа янгирын ангуучдын холбогдолтой зураг дүрслэл нэлээдийг сийлж цоолборлон үлдээжээ. Нохойд хөөгдсөн юм уу зайдан морьтонд үргээгдсэн янгирыг харвахаар нумаа онилсон хүний дүрслэл хэд хэд байх жишээтэй.


Нэгэн хаднаа нарийхан махир эвэртэй, зүүдгэр биетэй янгирын араас дагаж яваа олон нугачаатай данхар эвэртэй, лагс биетэй, сүүлээ модойлгон сөхсөн янгир үзэгдэх бөгөөд түүний ухна болохыг зориуд цохон чивийг босгож зуржээ. Зүүнтэй нь нум сум онилсон нэг явган хүн, буга унаж урт жад барьсан хүн хоёр байна. Жад нь гилбэрийнхээ ард цацагтай, ишнийх нь ар үзүүрр махир бөгөөд бас уяа буюу цацаг мэт өргөн зүйл унжжээ. Буга нь богино гурван салаа эвэртэй, богиновтор хөлтэй зэргийг бодоход цаа буга гэлтэй. Хадны зурагт буга унасан хүний зураг тун ховор тохиолддог учир энэ зураг үүгээрээ онцлог. Энд бас хоёр хөлөө алцайж зогсоод нум сум онилон харвахыг завдан буй хүний дүрс байх бөгөөд нум нь богино, мөрний матаасны байдал зүймэл бололтой. Нумыг онилоод харвахыг завдан буй хүний эр хүйсийг цохон үзүүлжээ. Сумын зэв нь том толгойтой гурвалжин хэлбэртэй аж.


Цагаан өтөгийн хадны эдгээр зургуудыг судлаачид он цагийн хувьд төмөр зэвсгийн түрүү үед буюу Х.Т.Ө III-I мянган жилд хамаатай гэж үздэг.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0