ХОВД ХОТ ОРЧМЫН ХАДНЫ ЗУРАГ

Ховд аймгийн төв Ховд хотын ойролцоох уул хаднаа цохиж сийлсэн эртний хадны зураг цөөнгүйн дотор ац маягийн эвэртэй буга, түүнчлэн янгир, аргаль, үнэг, тэмээний зураг зонхилно. Мөн хошуугаараа нийлсэн буюу эсвэл мөргөлдөж буй байдлыг ч харуулсан байж болох амьтны зургаас гадна, тоймлож дүрсэлсэн морьд, шувуу байна. Үүнээс гадна хоёр морьтны зураг бийн нэг хүн нь ямар нэгэн араатныг хөөн нум сумаар харвахыг завдаж, нөгөө нь урт уяагаар оосорлосон нохой хөтөлжээ. Хоёр дахь хүн нь малгайтай, морио ногтлон унасан нь тод харагдана.

Энд хүний тойм дүрс хэд хэд байх бөгөөд нэг гараараа ташаагаа тулсан, нум сум харваж байгаа зэрэг хүний зураг тод үзэгдэнэ. Хоёр бөхтэй тэмээний зураг хэд хэд бийн нэг тэмээг хөтөлсөн хүнтэй нь дүрсэлсэн байна. Түүнчлэн ус ууж байгаа маягийн хүзүүгээ сунган унжуулсан тэмээг хүн унасан байдалтай харуулсан нь ихээхэн сонирхол татна. Бүдүүн лагс биетэй, богино нарийн сүүлтэй, махир сэлмэн эвэртэй, хойд хөл нь нарийхан. урд хөл нь бүдүүвтэр, хоншоор томтой нэгэн үхрийн зураг энд бас бий. Морь зайдан унасан, шувуу адил урт хошуутай хүний зураг мөн л сонирхолтой. Мөн эндхийн нэгэн хаднаа түвэд бичээс, буга, бугын адил эвэртэй морь, шувуу, морь унасан хүний зураг байна.

Ховд хотын орчмын хадны зургууд он цагийн хувьд хүрэл болон төмөр зэвсгийн түрүү үе, түүнээс ч хойших үед хамаарах боловч түвэд бичээс бүхий зурагнууд нь дундад зууны үед холбогдоно.

 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0