ХАР ЯМААГИЙН ХАДНЫ ЗУРАГ

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг дахь Монгол Алтайн нурууны ноён оргилын зүүн биеэс эх авч зүүн тийш урсдаг голыг Хар ямаа гэнэ. Голын хойд биед гурван хэсэг газар хэдэн зуун хадны зураг бий.

Нэгэн хавтгай том хадан дээр арван нэгэн янгир дөрвөн чоно болон бусад амьтдыг дүрслэсэн байх агаад янгирын олонхийг зүүн тийш харсан байдалтай, чоныг соотон чихтэй, дээш тахирласан том сүүлтэйгээр зуржээ. Янгир руу харайж байгаа дөрвөлжин хоншоортой ирвэс шилүүсэрхүү араатныг нарийн гоолиг биетэй, сүүлнийх нь үзүүр ялимгүй эргэсэн, бүхий л биеэ сунган харайн дүүлж байгаа байдлаар харуулжээ. Энэ хадны төв хэсэгт үхэртэй төстэй нэгэн амьтны ерөнхий тэгийг өргөн зураасаар хөвөөлөн цоолборлож гаргасан байх агаад түүнийг ихээхэн сүрлэг. унжсан урт сүүлтэйгээр дүрсэлжээ. Түүний доор хоёр янгир байна. Хадны доод хэсэгт хоёр янгир, сүүлээ өргөн дайрахыг завдан буй чонотой төстэй араатан болон нэгэн амьтны цээжин хэсэг, баруун талд нь бас хоёр янгир үзэгдэнэ.

Хар Ямаагийн бусад хаднаа хэд хэдэн тооны дээд талдаа дугуй, доошоо унжсан иш бариултай зүйлийн дүрс, урт том сүүлтэй босоо чихтэй чоно, том эвэртэй янгир, түүний араас хөөж буй чоно, урт үзүүртэй, ширээ бөхтэй, урт шулуун хөлтэй, сүүлээ өргөсөн ганц тэмээ, цагирагласан том эвэртэй олон аргаль, саваархуу зүйл барьсан хүн, дугуй хонхор, олон салаа эгц босоо эвэртэй гурван буга, данхар эвэртэй үхэр зэргийг олноор нь янз бүрийн хөдөлгөөн байрлал, хэлбэр хэмжээтэй зуржээ. Эндэх олон салаа эвэртэй бугын зураг бусад зургаас нэлээд өвөрмөц ажээ. Мөн түүнчлэн нүүрний тэгийг хөвөөлөн цохиж гаргасан доод эрүүнээс ганц сөртгөр гарган, нүдийг хоёр дугуй хонхороор илэрхийлж, толгой дээр нь хоёр тахир эвэр хийж хооронд нь хөхөл мэт сөртөн гаргасан хүний нүүр толгойн тойм дүрс ч сонин содон. 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0