Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Хүрхийн уулын Уртын гол эртний сүг зураг ихтэй
газрын нэг юм. Ан амьтан, ан агнуур, мал аж ахуй, эртний хүмүүсийн амьдрал,
тэмцлийг харуулсан олон дүрслэлийг эндээс үзэж болно. Эдгээрийн төлөөлөл болгон
тус сумын төвөөс 80-аад км-т орших Уртын амралтын дэргэдэх боржин чулуун элгэн
хадны өвөр налуугийн зарим дүрслэлүүдээс тодруулбал:
Элгэн хадны налууд үхэр гэлтэй бадриун амьтан,
хажууханд нь хоёр хүний явдлын секс байрын дүрслэл, доор нь эргэн харж буй
янгир сийлсэн байх бөгөөд эдгээрээс доохнуур хамгийн сонин нь нүдний шил
зүүсэн, үсээ өрвийлгөсөн, шүдээ ярзайлгасан гэмээр хүний нүүрний дугуй доторх
олон дүрслэлүүдийг онцгой тод бөгөөд томруунаар сийлснийг харахад эртний
бөөгийн онгон сахиусын дүрст баг авгалдайуудыг эрхгүй санагдуулах ажгуу.
Элгэн хадны өөр нэг хэсэгт голоороо зураастай дотроо
давхацсан дүрслэлт амьтад бүхий гурван дугуй, ямаа, янгир мэт болон толгой том,
нуруу хотгор, хөл богино, моодгор сүүл бүхий адуу зэргийг сийлбэрлэжээ.
Эдгээрийн зохиомж, донж, дүрслэлээс харахад Уртын голын хадны зургууд нь нэг ч
биш, неолитоос анхны шүтлэг болох бөө мөргөлийн эх үүсвэр бий болтлох олон үед
холбогдох нь тодорхой байна.