ТЭХТИЙН ДАВААНЫ ХАДНЫ ЗУРАГ

Увс аймгийн Давст сумын төвөөс зүүн тийш Хатуугийн уулыг давдаг хадтай даваа (сумын төвөөс 25 км зайтай) Тэхт гэх бөгөөд энэ давааны орчмын хаданд энд тэнд цөөн тооны эртний сүг зураг бий.

Нэгэн хадны дээд хэсэгт том жижиг долоон янгирыг баруун тийш, доор нь олон салаа эвэртэй бугыг зүүн доош толгой хандуулан ихэд болхидуу зуржээ. Хадны баруун хэсэгт дээрээс доош зэрэгцсэн байдалтай арван янгир, нэг чонын дүрс бий. Эдгээрийн дунд буй янгирыг нарийн, бусдыг өргөн зураасаар гаргажээ. Хадны зүүн хэсгийн дээд талд янгирын араас нум сумаар харваж буй хүн, доор нь дөрвөн янгир, нэг хүний дүрсийг шавааралдуулжээ.

Дараагийн зурагт зургаан янгирыг өөр өөр зүгт хандуулан нэгийг давхар, бусдыг дан эвэртэй, бас хоёр янгирыг давхар эвэртэй, сүүлийг нь модойлгон баруун тийш харуулан дүрсэлжээ. Мөн таван янгир, нэг тэмдгийг нэлээд таранги байдалтай, хоёр янгирыг баруун тийш харуулан зурсан байлаа. Хадны баруунтай, баруун тийш хараад нум сум онилсон хүн, түүний ард дөрвөн янгир дүрсэлсэн нь тэр хүн янгируудыг ямар нэг юмнаас нум сумаар хамгаалж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Эндхийн хадны зурагт гол төлөв янгирыг янз бүрийн байрлал, хэмжээ, хэлбэртэйгээр дүрсэлсэн байдаг. Зургийн дүрслэл, сэдвээс харахад Тэхтийн давааны хадны зураг нь хүрэл зэвсгийн үед Х.Т.Ө III-I мянган жилд холбогдох нь тодорхой байна.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0