Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг Сэврэй уулын өврийн (сумын төвөөс 15 км
орчим зайд) хаднаа хонхойлон цоолборлосон нэлээд тооны хадны зургийг Г.
Гонгоржав, Г.Энхбат нар 1997 онд олж илрүүлжээ.
Нутгийнхан "гурван баатар" хэмээн нэрлэдэг
нум сум агссан гурван морьтон, эдгээрийн дэргэдэх янгирууд, нохой маягийн
амьтан, тэрчлэн адуу, ганц морьтон, зээр (эвэргүй), хүн, загас гэлтэй дүрслэл,
тамганууд бүхий эндэх хадны зургийн дотроос янгир намнаж буй морьтой анчдын
зураг ихэд сонирхолтой. Энэ зурагт таван янгирын араас хөөж намнаж яваа дөрвөн
морьтой анчныг дүрсэлжээ. Янгирын сүрлэг махир эвэр, сүүлийг цохон үзүүлсэн ба
анчид бүгд нум сумаар зэвсэглэжээ. Нум нь энгийн хэлбэртэй бөгөөд зүймэл нум
гарахаас өмнөх хүрэл зэвсгийн үеийн нум бололтой. Морьдын чихийг урагш соотойлгож, нарийн урт сүүлийг ар тийш налуудуу унжуулах, урт хүзүүг дээш өлгийгөж бодит байдлаар дүрсэлжээ. Зургийн ерөнхий төрх байдал, нумын хэлбэрээс үзэхэд эдгээр зураг хүрэл зэвсгийн үед холбогдох юм.