Энэ дурсгал
Дундговь аймгийн Өлзийт
(хуучин) холгүй орших уулын хавцлын дунд биед оршино. Энд хоёр хөлтэй янгир,
урт хүзүү, биетэй, бөгсөн биеийг дүрслээгүй үл танигдах амьтан, тэмээ, ямар
нэгэн зэвсэг барьсан зэргийг зурсан байдгийн дотор ямар нэгэн доороо бариултай
зэвсгээр хагас сууж "буудаж" байгаа маягийн анчны зураг нь Увс
аймгийн Шар булгийн Онцын хаданд дүрслэгдсэн зурагтай адилавтар. Гэхдээ тэнд уг
зэвсгийн бариул гогцоо нь дээрээ байсан бол энд доороо байна. Мөн энд морьд, янгир,
зүүн гартаа цагираг цалам барьж баруун гараа дээш өргөн хөлөө алцайсан хүнийг
хэвтээ тэнхлэгийн дагуу дүрсэлжээ. Янгир хөөж байгаа чонын зураг бас бий.
Эндэх хамгийн сонирхолтой зураг
гэвэл эртний монгол гэрийг харуулсан зураг юм. Гадаад байдал, хэлбэр, хэв загварын
хувьд одоогийн монгол гэртэй маш төстэй яндан зэргийг гаргасан төдийгүй ганцхан
бүслүүрийг л дүрсэлсэнгүй. Хана руу нь дөрвөн бүч унжуулжээ. Гэрийн ойролцоо
урд нь нэгэн урт хоншоортой амьтныг ахар бус оосроор оосорлон гэртэй холбосон
байдалтайгаар дүрсэлжээ. Хоёр дахь зурагт мөн л дээрхтэй бараг адил гэр
дүрсэлсэн агаад харин гэрээс хоёр гурван зураас татаж холбосон замбараагүй олон
дүрсийг гаргасан байна. Энэ нь малын холбоос юм уу хашаа саравчийг ч харуулсан
байж болох талтай.
Өлзийтийн хадны зураг нь он цагийн хувьд ан амьтад, морьд, хүний зураг нь төмөр
зэвсгийн түрүү үед, харин гэрийн зураг нь нэлээд хожуу үед холбогдох нь
тодорхой.