ТАЛЫН АГУЙ

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт Шилийн богд уулаас баруун хойш 14 километрт оршино. Үзээд өгье гэхнээ ганц ч довгүй тэгшхэн талын уудам хөндийд тогтсон гурван тусдаа тасалгаатай агуй юм. Орох амны дэргэд овоо босгосон байдаг. Талын агуй нь Монгол оронд одоогоор мэдэгдээд байгаа агуйнуудаас хамгийн том төдийгүй хамгийн үзэсгэлэнтэй нь байжээ. Агуйн амаар босоо хүн багтахгүй учир бөхийж орно.

Дөнгөж ормогц бараг эгц доошилдог. Агуйн нийт урт нь 240 метр, нийт багтаамж нь 10 мянган шоо метрээс илүү ажээ. Агуйд ормогц маш сэрүү татан сэнгэнэдэг. Дараагийн тасалгаа нь хүрмэн чулуун асга бүхий байдаг бол гурав дахь хонгил нь мөсөөр хучигдсан байдаг байна. Өвөлдөө 40 градус хүйтэн, мал хүртэл тогтож бэлчдэггүй энэ газарт анчин гөрөөчид их ирдэг байсан учраас Талын агуйг “Гөрөөчдийн агуй” ч гэж нэрлэдэг байж. Зун дэлгэр цагт анчид агнасан зээр, гөрөөс, тарвага, зурмаа Талын агуйд хийж орхиод хэдэн хоногоор явсан ч авласан ав нь хөлдөж найдвартай хадгалагддаг байжээ. Талын агуй газар доогуурхи жимээрээ 70 километр  үргэлжилж Дарьгангын Зүүн нартын агуйтай холбогддог юм байна. Гэвч Талыг агуйн тасалгаанууд одоо газрын нуралтын улмаас шороонд дарагдсан байгаа бөгөөд агуйн дээгүүр уул уурхайн хүнд даацын машинууд явснаас шалтгаалсан хэмээн үздэг.  Агуйг хамгаалах, мөн иргэдэд үйлчлэх зорилгоор хааш хааш нь 250 метр хашаа барьж машины замыг хааж жуулчны бааз барьсан байна.
 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0