Увс аймгийн Давст сумын нутаг, Увс нуурын баруун хойд эргийн цагаан саарал
өнгийн шохойн чулуунаас тогтсон хадан уулыг (сумын төвөөс 40 км орчим) Мөнгөт
Цахир гэнэ. Монгол улсын дархан цаазат энэ уулын баруун урд талын налууд буй
жижиг агуйн амны эсрэг талын хаднаа цөөн тооны зургийг хонхойлгон цоолборлосны
дотор сүрлэг том биетэй, орооцолдсон мэт олон салаа богино эвэртэй бугыг зүүн
тийш нь харуулж, түүний баруун дээр нэг амьтан, баруун доор нь хоёр амьтны
биеийн хэсгийг дутуу дүрслэн орхижээ.
Хадны дээд хэсэгт эгц урьдаас нь харсан хүний нүүрийг дугуйд багтаан,
хөмсөг, нүд, хамар, амтай дүрсэлжээ. Түүний доор цаашаа хараад зогсож буй
шовгор оройтой малгай өмссөн хүний их биеийн хэсгийг хөвөөлөн гаргасан дүрс,
доор нь нэлээд зайтай хоёр тахир зураас байна. Мөн зүүн тийш харсан гурван
янгирын дүрсийг дээрээс доош эгнэсэн байдалтай үзүүлжээ. Энд бас далаад тамга,
тэмдэг буйн дотор туурай тамга, задгай онги болон хоёр дэгээтэй занга мэт
дүрсүүд бий. Эдгээр дурсгалыг он цагийн хувьд Х.Т.Ө III-I мянган жилд холбогдоно гэж судлаачид таамагладаг юм.