МОДТОЙ ТОЛГОЙН ХАДНЫ ЗУРАГ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвөөс баруун- тай, Тэсийн голын хөндийн урдах өндөр уулын ар хормойн модтой үзүүрийг Модтой толгой хэмээн нутгийнхан нэрлэдэг. Тэр орчимд хоёр хэсэг газрын таван хаднаа хонхойлгон цохиж сийлсэн нэлээд олон зураг дүрслэл бий. Эхний нь хэсэгт хадны төвд зам мэт урт зураас гаргаж түүний баруунтай хос морь хөллөсөн хоёр морин тэргийг хойно хойноосоо цувран явж байгаагаар сийлжээ. Арын морин тэрэгний зэргэлдээ нэг морь дүрслээд эхний морин тэрэгний баруун дугуй, арын морин тэрэгний баруун талын морины цээж хоёрын зэргэлдээ шулуун зураас цэг гаргажээ. Морин тэрэгний урд талд нэлээд зайтай хүний мөрний дүрсийг сийлжээ. Зам мэт зураасны зүүн талд хос морь хөллөсөн тэрэг зурж, түүний ард ганц цэг гаргасан байна. Дурдсан морин тэрэгний хэлбэр маяг нь нэгэн ижил. Тухайбал дугуйг нь элдэв хэгээсгүй, голтойгоо холбогдсон ганц гуятай, арал үгүй, харин арлын оронд ямар нэгэн тавцантайгаар зурсан байна.

Эдгээр зургаас урагш нэлээд зайтай, замын нөгөө талд хүний мөр мэт дүрсний харалдаа адууны, хүний мөр тус бүрийг сийлсэн хад байна. Түүнээс зүүнтэй таван метрийн хэрийн зай дахь нэгэн хаданд олон жижиг хонхор, зам, адууны дөрвөн мөр, гурван дугуй хонхор, цуварч яваа дөрвөн адуу, шовх эвэртэй ямаа юм уу гөрөөсөрхүү амьтан, хүний мөртэй төстэй хоёр дүрс зэргийг зуржээ.

Модтой толгойн хойд үзүүрийн зүүн тийш харсан ханан хаданд найман хэсэг газар бие биеийнхээ араас цуварч зогссон толгойгүй дөрвөн адуу, хоёр гараа дэлгээд хөлөө алцайн зогсож буй хүн, энэ хүний зүүн талд урагшаа хараад зогсож байгаа том босоо чихтэй, урт сүүлтэй үнэгтэй төстэй амьтан, янгир, адууны хоёр туурай, тууш зураас, адууны туурай дэгрээ сэнжтэй тамга зэргийг дүрсэлжээ. Модтой толгойн эдгээр зураг нь он цагийн хувьд хүрэл зэвсгийн сүүл үед хамаарна.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0