ИХ АЛАГИЙН ХАДНЫ ЗУРАГ

Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт орших Их алагийн хадны зургийг анх 1925 онд Г.И.Боровкагийн экспедиц олж, улмаар 1960 онд археологич Н.Сэр-Оджав, Д.Дорж, А.П.Окладников нар дахин нягтлан судалжээ. Эндэх хадны бүх зургийг хонхойлон цоолборлож урласан байх бөгөөд эхний бүлэг зурагт дугуй гогцоо, “Н” үсэг маягийн хоёр тамга, баруун талд нь харайж яваа янгир, түүний ард загварчилсан нэгэн дүрс, түүнээс баруунаа толгойг нь өөд өөд рүү нь хандуулсан янгир бугын дүрс буй.

Хоёр дахь бүлэг зурагт янгирын зураг голлох бөгөөд тэдгээрийн янз бүрийн хэлбэр хэмжээ хөдөлгөөнтэйгээр дүрсэлжээ. Эдгээрээс гадна хоёр бөхтэй тэмээ, загварчилсан бусад амьтад, аргаль, буга, нохой, зээр зэргээс гадна зарим нэг урт зураас, тамга тэмдэг, цэг зэргийг зуржээ. Зарим амьтдыг дүрслэхдээ загварчлах аргыг хэрэглэсэн нь чухам ямар амьтан зурагдсаныг тодруулахад төвөгтэй ажээ.

Гурав дахь бүлэг зурагт олон бугын дүрс бүхий ихэнхийн эврийг буган чулуун хөшөөн дээрх дүрслэлийн адил урлажээ. Бүгдийнх нь толгойг баруун зүг хандуулж баруун талын харайж яваа хоёр янгирын нэгэн урт биетэй том буга дүрслэгдсний толгойн хэсэг алга. Зүүн талд нь хүний тойм төдий дүрс, доод талд нь бариул маягийн гогцоо байна.

Дөрөв дэх бүлэг зурагт хүзүүгээ гэдийлгэн баруун тийш харсан янгир, толгойгоо тонгойлгосон урт биет нэгэн амьтан, доор нь нэг янгир, бие биенийх нь дээр доор дүрсэлсэн гурван буга, /дээд талын бугын эвэр нь өндөр олон салаа/, тамга хэлбэрийн дүрснүүд, зүүн талд нь хоёр, баруун талд нь хөндлөн дөрвөн амьтан, мөн бие биен дээр нь давхцуулан зурсан олон янзын амьтад, гараа доош буулгасан жижигхэн хүн, сууж буй харваач, зүүнтэй нь дүүлж буй янгир, дээхэн талд нь баруун тийш харсан хоёр буга, өнцөг үүсгэсэн хоёр нарийн зураас, “П” үсэг адил тэмдэг, уг тэмдгийн хооронд толгойгоо тонгойлгосон хоёр амьтан, хагас бие нь байхгүй янгир, аргаль олон янзын дүрс бүхий хэсэг зураг, нэгий нь бөгсөн бие нөгөөгий нь хошуу гүйцэд гараагүй дээр доор байрлалтай хоёр буга, зүүн тийш харсан загварчлан урласан буга, эрэгтэй хүний тойм, тамга хэлбэртэй дүрс, буга бух бүхий хэсэг зураг, түүнээс баруунтай гурван янгир, нэгэн том амьтан, доор нь загварчилсан буга гэх мэтээр цохиж цоолборлож дүрсэлжээ.

Тав дахь бүлэг зураг баруун тийш харсан урт хүзүү, том эвэртэй янгир, мөн баруун тийш харсан хоёр бөхтэй урт хүзүүтэй тэмээ, бие биен дээр нь давхардуулсан хэсэг зураг, түүнчлэн сүүлээ модойлгосон том эвэртэй нэгэн янгирын зураг бий. Сүүлчийн янгирыг дүрслэхдээ түүний эр хүйсийг цохон гаргажээ.

Их алагийн хадны эдгээр зураг нь он цагийн хувьд хүрэл зэвсгийн үед холбогдоно.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0