Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг Бага газрын чулуунд Гэр чулуу хэмээх хад бий.
Энэ хаднаа эртний хүмүүс олон янзын зураг сийлбэрлэн үлдээсний дотор юуны өмнө
хоёр янгирыг олсоор оосорлон барьсан хүний зураг анхаарал татна. Түүнчлэн
цуварсан арван хоёр янгир, тамга, давхардсан амьтны зураг, зүүн талд нь
загварчилсан амьтан, тамга зэргийг зурсан байна.
Зүүн талд нь
хүний гарын алганы хоёр зураг, түүний доор найман босоо зураас, түүнээс зүүн
доош хэд хэдэн учир нь үл ойлгогдох дүрс, босоо зурааснууд, баруун талд нь
хэрээс тэмдэг, хоёр босоо зураас зэргийг дүрсэлж эдгээр бүх бүх зургийг улаан
зосоор зуржээ. Эдгээрээс гадна Гэр чулуунаас холгүй орших Бага газрын чулууны өндөр
хаднаа хоёр том бугын зургийг зурсан нь уг дэвсгэр улаандуу өнгийн хадан
дээрээс ихээхэн тод харагдана. Бугануудыг
яг биет байгаа байдлынх хэмжээгээр дүрсэлжээ. (Нэг бугын зургийн хэмжээ
нь уртаараа 170 см, өндрөөсөө 90 см). Бугануудыг бодит байдлаар дүрсэлсэн
байна. Мөн энэ хаданд хөлөө алцайн, гараа өргөсөн хүнийг санагдуулам тамга,
тамганы дээд талд дөрвөлжин хэлбэртэй нэгэн дүрс сийлжээ. Гэр чулууны
хадны зураг нь он цагийн хувьд мезолит болон хүрэл зэвсгийн сүүл төмөр зэвсгийн
эхэн үед хамаарагддаг.