Сүхбаатар аймгийн Онгон сумын төвөөс баруун урагш 70-аад км зайд Бударын чулуу хэмээх
газар энэхүү дурсгал орших бөгөөд нутгийнхан “Догшин Бударын чулуу” хэмээн нэрлэдэг хад цохиот сонин тогтоц бүхий газар юм. Бударын чулууны
дунд хавьцаах ханан хаднаа хоёр хэсэг газар хүн, адуу мал, ан амьтдын дүрсийг
бүх талбайгаар нь хонхойлгон цохиж сийлсэн байна. зураг бүхий 8 м 70 см урт
талбайтай.
Бударын чулууны
дурсгал нь Монгол орны хадны зургийн тархалтыг дорнод хязгаар хүртэл тэлэх
боломж олгосноос гадна сэдэв, агуулга, урласан арга барилын хувьд ч өөрийн
өвөрмөц онцлогтойг илэрхийлдэг. Энэ дурсгалыг 1996 онд Монгол, Солонгосын
хамтарсан “Дорнод Монгол” төслийн хээрийн шинжилгээнийхэн илрүүлэн судлахаас өмнө энэ бүс нутагт нэг
ч хадны зураг олдоогүй байсан юм. (Сүхбаатар, Дорнод аймагт) эндэх хадны зургуудаас
юуны өмнө тухайн нутаг орны хүн, ан амьтад байгалийн харилцаа холбоог харж
болох бөгөөд нэг талбайд буй зургууд нь эмх замбараагүй цуглуулга биш өгүүлэмж
сайтай, өөрөөр хэлбэл тухайн үеийн овгийн гишүүдийн өөр хоорондын харилцаа,
өдөр тутмын амьдралын үйл явдлыг дүрслэн үзүүлэхийг оролдсоныг онцлон үзүүштэй.
Урласан байдлыг үзэхэд хүн, амьтдыг харьцангуй бодит байдалд ойртуулж, хүнийг
хоёр талбайн гол дунд тод томруун дүрсэлсэн нь хүрэл зэвсгийн үеийн хадны
зургийн нэгэн гол сэдэв юм. Адууг эрхэмлэн унаа болгож хэрэглэх болсон хүрлийн
хожуу үеийн хадны зургуудад эндэх шиг хүнийг морь хөтөлсөн, унасан байдлаар
урласан байдаг билээ. Ер нь ч дорнод монголд малтан судалсан хүрлийн үеийн
булшнуудаас адууны яс хамгийн их олддог нь морь унааг эрхэмлэн хүндэтгэж байсны
илрэл гэж үздэг. Энд палеолитын үед холбогдох том гэдэс, богино хөлтэй зэрлэг
адууны зураг биш, харин морийг хөтөлсөн байдлаар харуулсан нь судлаачдад уг
зургуудын он цагийг тогтоох боломжийг ямар нэгэн хэмжээгээр олгодог.
Бударын чулууны
зурагт талбайн эхний зургийн дунд талын шат маягийн хөндлөвчтэй босоо зураас нь
ховор тохиолдох сонирхолтой өгүүлэмж юм. Улаанбаатарын ойролцоох Их тэнгэр,
Гачууртын амны хүрлийн үеийн зосон зурагт хүн морины доогуур хоёр болон дөрвөн
зураас татаж зам дүрсэлсэн байдаг. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутагт орших
зосон үзүүртэй хөндлөвч бүхий хос зураас хэвтээ шугаманд зурсан бий. Мөн Булган
аймгийн Бугат сумын нутаг Бичигт хадны улаан зосон зурагт Бударын чулууныхтай
адил босоо хоёр зураас татаад доод үзүүрийг нь битүүлэн тэгшилсэн зураг бий.
Иймэрхүү өгүүлэмж бүхий зосон зургуудыг судлаачид МЭӨ II-I зуунд хамруулан үздэг. Харин сийлмэл зургийн дурсгалуудад
дээрхтэй ижилсэх зүйл одоогоор үгүй байна. Бударын чулууны сийлмэл зурагт хүний
дүрс хамгийн олон тоотой дүрслэгдсэн бөгөөд цөм ямар нэгэн үйл хөдлөлийг
илэрхийлсэн байдаг. Морь, нохой хөтөлсөн, хоорондоо хөтөлцсөн, хөөцөлдсөн,
ноцолдож байгаа, давхарлан хэвтсэн хүн мэт зургуудад түгээмэл байдаг тоймчлон
зурах уламжлалт арга барилаар урлажээ. Чулуун зэвсгийн үеийн эртний зосон
зургуудад хүний дүрс байхгүй байдаг. Энд нохой хөтөлсөн хүний дүрс байгаа нь
хүн төрөлхтөн зэрлэг амьтдаас анх түрүүн нохойг гаршуулан тэжээж, өөрсдийн
үнэнч туслагч, хань бараа болгосныг харуулах бөгөөд хүрэл зэвсгийн үеийн хадны
сийлмэл зурагт нохойг голдуу ан ав хийж байгаа утгаар хүнтэй хамт дүрсэлдэг
билээ.
Бударын чулууны
хадны зургийн өөр нэг гол сэдэв нь зэрлэг амьтдыг зураг юм. Дүрсэлсэн ан амьтад
нь зөвхөн тухайн газар нутагт хамгийн элбэг байдаг зээр, гөрөөс, чоно, янгир
зэрэг болно. Янгирыг Ховд аймгийн Баатар хайрхан, Өвөрхангай аймгийн Тэвш уул,
Дорноговь аймгийн Дэл уул, Өмнөговь аймгийн Аравжихын хадны зургуудынхтай ихэд
төстэй, сүүлийг нь уртаар моодойлгож хөлийг нь давхарлалгүй дөрвөн хөл дээрээ
зогсоо байдлаар урласан байдаг. Бударын чулууны
зурагт зээр, чоно зэргийг ихэд цэвэрхэн, тод томруун дүрсэлсэн байх
бөгөөд адуу мал, хүн рүү хандан зог тусан зогсож юм уу, үргэн зайлж байгаагаар
харуулжээ. Нэг сонирхолтой нь могойн зураг юм. Могойг хадны зурагт дүрсэлсэн нь
элбэг байдаг бөгөөд эртний хүмүүс могойг сайн, муу үйлийн аль алинд нь
билэгшээж байсан гэж үздэг. Ази, Америк тивийн зарим ард түмнүүдийн үлгэр
домогт могойг гай тарих, муу үйлийн тэмдэг болгодог байхад зарим нэг газар усны
онгон шүтээн гэж хүндэтгэж үзэх нь ч байдаг. Шашны есөн онгодын нэгэнд могой
ордог зэргээс үзвэл энэ нь бөөгийн эртний уламжлалтай байж болно.
Хад чулууны
толигор тэгш гадарга дээр хүн, мал, ан амьтны дүрсийг бүх талбайгаар нь
хонхойлгон цохиж сийлсэн Бударын чулууны хадны зургийг судлаачид бүтээсэн арга
барил, дүрслэлийн хэв загвар, агуулга утга санааг Монгол нутаг дахь бусад
дурсгалуудтай харьцуулан Х.Т.Ө II мянган жилийн сүүл үеэс Х.Т.Ө I мянган жилийн тэргүүн хагаст
холбогдуулж үздэг.