БУГАТЫН ХАДНЫ ЗУРАГ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын төвөөс 22 км орчим зайтай Шанх ууланд орших боржин цохиог Бугат гэнэ. Энэ цохиотын наран талын 4.4*3.2 м том эгц хавтгайд эртний хүмүүс зургаан буга, нэг янгирыг хонхойлгон цохиж дүрсэлсэн байдаг.

Хадны зүүн хэсгийг эзлүүлэн гурван бугыг хооронд нь ихэд ойрхон шахаж, дүрсийн гадна талыг хөвөөлгөн цохихдоо дунд талын бугын эвэр нуруу хоёрын завсраар (зай ашиглан) гурав дахь бугын цээжийг оруулсан нь сонин бөгөөд бас уг бугын хүйсийг цохихоо ч мартсангүй. Эдгээр гурван бугын хоншоор нарийн урт, эвэр нь их биеэ дагасан олон салаа эвэр, урт бие, хүзүү, өндөр сэрвээ, бөмбөгөр хондлой, нарийн урт чихтэй зэрэг буган хөшөөнөө загварчлан дүрсэлдэг аргатай их төстэй бөгөөд чухамдаа тэрхүү аргыг үүсэл тусгагдсан байдаг. Гурав дахь бугын хойд хоёр хөлийг нэлээд бодитой дүрсэлсэн бол түүний урд хөл болон эхний хоёр бугын хөлийг сайн гаргаагүй байна. Энд буган хөшөөнийх шиг аль болох бага зайд олон бугыг дүрслэх хандлага ажиглагдана. Эдгээр бугын баруун дээд  талд урт хоншоортой, хоёр салаа эвэртэй, том зузаан бөгстэй бугын нэг талбайгаар нь хонхойлгон дүрсэлсэн байна. Түүнээс доош бугануудын ар доор урт тахир эвэртэй, охор бус сүүлтэй, нарийн хүзүүтэй янгирын дүрсийг бүх талбайгаар нь хонхойлгон цохисноороо дээрх бугынхтай ижил байна. Зургийн баруун захад олон эвэртэй жижиг бугыг бодит байдлаар хөвөөлөн цохиж урлажээ. Дүгнэхэд Бугатын хаднаа амьтны дүрсийг бүх талбайгаар нь хонхойлгон цохих, гадна талаар нь хөвөөлгөн цохиж урлах хоёр барил, түүнчлэн амьтныг бодит байдлаар болон загварчлан дүрслэх хоёр арга ажиглагдсан. Тэгэхдээ тухайн хадны зурагт загварчлан дүрслэх аргаар урласан бугын зураг голлож буй зөвхөн хэмжээ төдийгүй зургийн ерөнхий зохиомжоос тодорхой харагдаж байна. Эндэх хадны зураг нь он цагийн хувьд хүрэл зэвсгийн дунд үе (Х.Т.Ө 2 мянган жилийн хоёрдугаар хагаст) холбогдох юм. 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0