БИЧИГТ ХАДНЫ ЗУРАГ

Эл дурсгал (Бүтэн нэр нь Баян-Айрагийн бичигтийн хадны бичээс) нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын төвөөс 17км зайд оршино. Бичигтийн хавцлын төв хэсэгт ёроолоосоо аваад оройгоо хүртэл хадны зурагтай хэд хэдэн өндөр хадтай бөгөөд эдгээр зургуудыг судалсан археологич Д.Дорж, Э.А.Новгородова нар гурван хэсэг болгон авч үзэж судалсан. Нэгдүгээр хэсэг буюу Бичигт хад-1 хавцлын тэхий гүнд, хоёрдугаар хэсэг Бичигт хад-2 нь дараагийн уулын хаданд, Бичигт хад-3 нь хоёр дахь хадны зурагнаас 100 орчим метрийн зайд орших ууланд бий.

Бичигт хад-1.

Хэмжээгээр нэг их том биш, хадны зураг нь цөөхөн. Энд янгир, аргаль, морьтой болон нум сум агссан хүн, хэсэг мал тууварчид зэргийг дүрсэлжээ. Уулын чанх оройн нэгэн багахан хаданд морь унасан нэг хүн, моринд сундалсан өндөр нам хоёр хүн, богино эвэртэй лагс биетэй аргаль янгирыг харваж байгаа харваач, мөн янгир агнаж байгаа нум сумтан, түүний хажууд үл мэдэх нэгэн том биет амьтан, түүний толгойн харалдаа салаа эвэртэй төстэй дүрс гаргажээ. Бичигт хад-1-ийн зурагнууд дотор нэлээд хожуу үеийн үеийн гэмээр бие биеэ харваж байгаа байрын морьтон, хүн, явган харваачдын зураг бас бий. Бичигт хад-1, Бичигт хад-2 хоёрын хоорондох ахархан зайд сийлмэл зурагтай хад чулуу хэд хэд бий. Эндээс буга, янгир, морьтон, нумаа онилсон анчин гэх мэтийн дүрслэлүүдийг үзэж болно. Амьтны гайхалтай сонин дүрс, морь унаж модны бүдүүн үндэс маягийн зүйл дүүрсэн хүн, томоос том зүйл гартаа барьсан хоёр морьтон, хоёр чихтэй малгай өмссөн хүн  тэнд бас тод харагдана.

Бичигт хад-2.

Энэ нь эндэхийн хамгийн их зурагтай хэсэг юм. Ихэнх зургууд нь давхардаж, бие биенийхээ дээрээс зурагдсан олон тоотой нь он цагийн хамаарлын харилцан адилгүйг харуулна. Тухайлбал буга, янгирын харласан зурагны дээр давхарлан нэлээд хожуу үед холбогдох нум сумтай хүмүүс, янгир зэргийг ихэд нарийн хэд загвартайгаар зурсан байх жишээтэй. Мөн хожуу үеийн буюу тод зурагнуудад морь унасан, нум сум барьсан, ар тал руу тогосны өд мэт зүйл унжсан өндөр шовгор малгай бүхий хүмүүсийн зургийг хамааруулан үзэж болно.

Эндэх зурагнууд дотроос хамгийн түгээмэл нь бугынх ажээ. Зарим буганы эврийг шовх босоо болон хэд хэдэн салаа үетэйгээр зурсан байхын зэрэгцээ шулуун шугамаар тоймлон дүрсэлсэн бугын зураг ч байна. Ийм зураг нь юуны ямар нэгэн тамгыг санагдуулна. Бүрх малгай өмсөж, морин дээр зайдан суусан нэгэн морьтны зураг нэлээд өвөрмөц аж. Морь урт чихтэй, хөлөө нугалан давхиж яваа байдалтай, хазаар ногттой байгаа нь хожуу үед зурагдсаныг илтгэнэ. Энд байгаа хамгийн сонирхолтой зураг нь хадны өмнөд этгээдэд байх бөгөөд мэдэгдэм юм. Олон морьтон, янгир, нум сумтай хүмүүсийн дунд их бүдэгхэн хар бор өнгийн нэгэн тэрэгний зурагнаас гадна гурван янгир мөн тийм өнгөтэй байна. тэрэгний зурагнаас хэдэн метрийн зайд мөн ижил өнгийн буга, нохойн дэмтэйгээр буга агнаж байгаа байдлыг харуулсан зураг байх бөгөөд он цагийн хамаарлын хувьд тэрэгний зургийг нэлээд том тэвш, хигээсгүй хоёр дугуй, тэдгээрийг холбосон голтойгоор ихэд тоймлон дүрсэлсэн байх агаад хоёр морь хөллөжээ. Эгц дээрээс нь харж байгаа байдлаар зурсан нь уг тэрэгний зургийн судалгааны ач холбогдлыг нээн харуулна. Энд мөн дундаа хэрээст дугуй, өргөн туурайтай бүдүүн морьдыг дүрсэлсэн зураг байна. Хамгийн хожуу үеийн зураг нь нүднийхээ хооронд цэгтэй, ооч сахалтай, жижиг шовгор малгайтай хүний толгойн хэсгийн зураг юм.

Бичигт хад-3.

Эндэхийн хадны зургуудаас хамгийн сонирхолтой нь ан амьтдыг хашиж, хөөж, отож, агнаж /үргээлгэ/ буй байдлыг харуулсан хэсгүүд юм. Ийм төрлийн гурван хэсэг зураг байна. Эхний хэсэгт янгир, аргаль, тэмээ, хүнийг ялгагдахуйц дүрсэлж, үргээлгийн гарцны дэргэд нум сум барьсан хүн, сүрэг адуу, мөн ямар ч зэвсэггүй нэгэн хүнийг зуржээ. Нөгөө талаар нь давхиж яваа сүрэг ан амьтан, тэдгээрийг үргээж байгаа хүнийг дүрсэлжээ. Үүнийг эртний анчдын ан агнахдаа хэрэглэж байсан үргээлгийн сонгодог аргыг харуулж чадсан зураг гэлтэй. Хоёр дахь хэсэгт нэг чиглэлд давхиж яваа хэсэг янгир аргалийн зураг байх бөгөөд нэг ч хүн, морь алга байна. Зөвхөн үргээлгийн байдлыг дүрслэхдээ хэрэглэдэг зураасыг зурсан нь уг зурагт үргээлгийн байдлыг үзүүлэхийг зорьжээ гэдэг дүгнэлтэд хүргэж болмоор.

Гурав дахь хэсэгт харилцан адилгүй гурван хэсэг хүрээн дотор хэд хэдэн янгир, аргалийн заримыг нэг чигт, нөгөө заримыг нь өөр чигт хандуулан дүрсэлсэн байна. Хүрээний дээд өнцөгт гурван үл мэдэх амьтан байх бөгөөд байдлаас нь сайн харахад морь унаж тэргүүндээ өд хатгасан малгайтай хүн, бүдүүн хэвлийтэй ямар нэгэн амьтан, гурав дахь нь нэг харахад хүн ч юм шиг нөгөө бодлын шувуу ч юм шиг дүрсүүд байх ажээ. Мөн хүрээний доод талд хөлийг нь дээш харуулан дүрсэлсэн хоёр амьтныг зураг буй. Хоёулангийнх нь биеийг уртавтар байдалтай дүрсэлсэн бөгөөд нэгийг нь бугынх шиг салаа эвэртэй, нөгөөг нь урт чих, том ам, том сарвуутай, урт бүдүүвтэр сүүлтэйгээр дүрсэлжээ. Археологич Д.Дорж нарын зэрэг судлаач нар энэ зургийг ан ав амжилттай болсныг харуулсан зан үйлийн зураг хэмээн үзжээ.

Бичигт хадны энэ бүх зургуудын ихэнх нь хүрэл зэвсгийн эрт, дунд, хожуу үе болон төмөр зэвсгийн түрүү үед холбогдоно.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0