БАРУУН МОГОЙН ХАДНЫ ЗУРАГ

Булган аймгийн Орхон сумын төвөөс дээш 5 км-т Орхон гол руу урдаас нь цутгах нарийн голыг Баруун могой гэх ба агаад голын адгийн гурван хэсэг хаданд эртний олон тооны хадны зураг хадгалагдан үлджээ. Тэдгээр зургийн эхний хэсэг Баруун могой-1 буюу Орхон, Баруун могой-2 голын арал дахь жижиг толгойн баруун, зүүн хойд хормойн хар хүрэн өнгийн олон хэсэг бул чулуу, ханан хаднаа сийлэгджээ. Энд өөд өөдөөсөө хараад зогсож байгаа согоо, янгир хоёр, сүүлээ өргөөд хоншоороо ялимгүй дээш өлийлгөсөн нохой, цувраа хоёр аргаль, давхиж яваа морь, гараа алдлан хөлөө алцайж зогссон таван хүн, буга, янгир, үхэр, анжис хөллөсөн үхэр зэргийг ганц нэгээр нь болон хэд хэдээр нь хамтатган зурж үзүүлжээ. Ан амьтад, хүнийг бодит байдлын сацуу хэлбэрмэл гаж загвар оруулан дүрсэлсэн арга барил ч ажиглагдана.

Дараагийн хэсэг зураг буюу Баруун могой-2 нь Баруун могой-1-ийн зурагт хадны эсрэг талд, голын зүүн дэнжийн баруун тийш харсан хүнхүйн хар өнгийн бул чулуунаа мөн л олон тооны ан амьтдын зургийг дүрсэлжээ. Тухайлбал энд олон салаа эвэртэй, урт босоо чихтэй, нарийн хоншоортой, том , махир эвэртэй янгирууд, зүүн тийш цуварсан морьтон, нисч яваа шувуу, салаа замаар явж буй адуу болон тэмээ, могой зэргийг үзэж болно.

Зарим хадан дахь зураг чухам ямар амьтадынх болох нь мэдэгдэхгүй болтлоо баларч, элэгдэж эмтэрчээ. Ан амьтадыг дүрслэхдээ хонхойлгон сийлэх аргыг хэрэглэжээ. Ялангуяа нэгэн бугыг сийлж гаргасан арга барил нь ихээхэн өвөрмөц аж. Олон салаа эвэртэй, эргэж хараад зогсож буй бугыг дүрслэхдээ бугын аман хүзүүнээс аваад далыг хүртэл үргэлж цулгуй зай, сүвээ хавиргыг нь дагуулсан нэг эгнээ дөрвөн зай, гуя гэдэс тус бүрт нэг хэсэг зай үлдээж сийлсэн нь нэг талаас уг ерөнхий дүрсийг товойлгон ихэд сүрлэг болгож, нөгөөтэйгээр эргэн харж байгаагаар дүрслэхдээ түүний товгор байдлыг хээлж гоёх аргаар зурсан нь уг дүрслэлд хөдөлгөөнийг дамжуулах гэсэн арга барил нь харагдана. Энэ бугын гэдсэн доор урд хөлийн хажууд ямар нэг дүрсүүд байх боловч чухам юуг харуулах гэсэн нь тодорхойгүй.

Гурав дахь хэсэг зураг буюу Баруун могой-3 нь Баруун могой-1-ийн баруун талд гурван метрийн зайд байх бөгөөд тэнд хоёр гараа бага зэрэг алдлаад хөлөө алцайн зогссон хүн зуржээ. Мөн түүнээс есөн метрийн зайд дөрвөлжин хүрээ зураад зүүн талд нь хоёр давхар, дотор нь хэдэн цэг зурж хүрээний гадна талд хөлөө алцайн  зогссон хүн, түүний хоёр хөлийн хооронд нэг, зүүн мөрний зэргэлдээ нэг цэг зуржээ. Хүрээний зүүн талд ацтай зураас зуржээ. Хүрээний гадна баруун доод өнцгийн доор нэг цэг, чанх доор нь гараа дэлгээд хөлөө алцайн зогссон хүн, хүрээний зүүн талд ацтай зураас зуржээ. Энэ зургаас зүүнтэй хоёр метрийн зайд хөтөлцөн зогссон хоёр хүн зурж баруун талынх нь хүнийг гурван хөлтэй мэтээр харуулсан нь эр хүн болохыг цохон тэмдэглэсэн хэрэг ажээ. Баруун могойн эдгээр хадны зураг нь хүрэл зэвсгийн үед хамаарна.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0