АРАВЖИХЫН ХАДНЫ ЗУРАГ

Өмнөговь аймгийн Ноён сумын төвөөс 19 км зайд орших хүрмэн чулуут намхан толгодыг нийтэд нь Аравжих хэмээн нэрлэнэ. Эдгээр толгодыг хаднаа эрт цагт энд амьдарч байсан хүмүүс олон тооны хадны зургийг зурж үлдээжээ.

Аравжихын эхний хадтай толгойн хаднаа ан агнаж буй байдал, нум суман зэвсэгтэй, морьтой, морьгүй хүмүүс мэтсийг дүрсэлсэн нийт 22 зураг бий. Хүн амьтдыг дүрслэхдээ тэдгээрийн эр, эм хүйсийг ихэд тодорхой гаргахыг зорьсон нь мэдэгдэнэ. Эхний хадтай толгой дараагийн толгой хоёрын хооронд орших хэмжээтэйгээр дүрсэлсэн байдаг. Хоёр дахь толгойн хаднаа мөн л ан агналтын байдал, морь тэмээ унасан хүмүүс, янгир, аргаль зэргийг дүрсэлжээ. Энд хүн болон тэмээ, чоно, аргаль, янгир, зээр, үнэг зэрэг амьтдыг дүрсэлсний ихэнх нь хүний зураг байна. Тухайлбал, хэсэг янгирын дунд байгаа хүн, нум сумтай олон хүн, тэмээ унасан хийгээд бүжиглэж байгаа хүн, ар араасаа цувсан агаад эхний хүний мөрөн дээр дараагийн хүн нь гараа тавьсан зэрэг сонирхолтой зургуудыг эндээс үзэж болно. Гол төлөв эрэгтэй хүнийг дүрсэлсэн нь зургийн сэдэв, дүрслэлийн арга барилаас харагдана.

Дөрөв дэх толгой нь гурван толгойтой зэрэгцээ оршино. Энэ толгойн хаднаа янгир агнаж байгаа байдлыг дүрсэлж ингэхдээ хоёр эр, эм янгирыг ар араасаа явж байгаагаар, нэг эм янгирын хажууд янгирын ишгийг дүрсэлж, нум сумаар зэвсэглэсэн дөрвөн хүн энэ бүлэг амьтдыг бүслэн зогсож байна. Доор нь зогсогч хүнийг “бүжиглэж” байгаа байдлаар үзүүлжээ. Мөн энд морь, морьтон, малгай өмссөн хүмүүс, араатан амьтдыг дүрсэлжээ. Эндээс 1 км орчим хадны зургаар баялаг бас нэгэн хэсэг хад чулуу байх бөгөөд зурагт тэмээн жин, зогсож байгаа буга, янгир, морь, хулан, морьтон, морь унасан далбагар малгайтай хүн зэргийг гол төлөв дүрсэлжээ. Мөн нохойтой хамт янгир агнаж байгаа байдлыг ч харуулсан зураг байна. Аравжихын хадны зураг нь он цагийн хувьд хүрэл зэвсгийн сүүл үед хамаарна.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0