АР ЦОХИОТЫН ХАДНЫ ЗУРАГ

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын төвөөс баруун урагш 10-аад км-т, нэгэн урт хөндийн дунд орших дов толгодыг Ар Цохиот гэдэг. Энэ толгодын орчим эртний булш хиригсүүр нэлээд бий. Мөн Амьтант хэмээх бага шиг уулын энгэрийн хаданд олон төрлийн ан амьтныг хонхойлон сийлж дүрсэлсэн нь он жилийн урсгалд ихэд элэгдэж бүдгэрчээ. Энд нийтдээ 65 хэсэг хаданд 235 дүрс бүртгэгдсэн бөгөөд зургийн ихэнх хувийг аргаль, янгир эзэлдэг. Түүнчлэн хандгай, буга, чоно, адуу, шилүүс, гахай, нохой, үхэр, ирвэс, тэмээ, хүний дүрс болон тамган тэмдгийн зүйл, тодорхой бус дүрсүүд үлдсэн хувийг эзэлнэ. Биеийн ерөнхий дүрсийг хөвөөлөн гаргаж их биеийн хэсгийг хадны өнгөөр нь үлдээж сийлсэн цаа буга гэмээр дүрс ч байна. Буга хандгайг бодит дүрслэлд ойрдуу гол төлөв хажуу тийш харуулан зуржээ.

Зургуудыг урлахдаа хадыг хонхойлгон сийлэх арга хэрэглэснээр гадна дүрслэх гурван ч янзын арга барил хэрэглэсэн нь харагддаг. Тухайлбал зургийг нэлэнгүйд нь хонхойлгон цохих, биеийн ерөнхий тэг шугамыг хөвөөлөн гаргаад эх биеийн хэсгийг хадны өнгөөр үлдээх, тийнхүү үлдээсэн хэсэг дээрээ уг амьтны яс, дотоод эрхтнийг олон зураасаар эрээлэн хээлж харуулахыг хичээсэн нь ажиглагддаг.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0