ЯРХ УУЛЫН ХУУЧИН ЧУЛУУН ЗЭВСГИЙН ҮЕИЙН БУУЦ

Монгол, Зөвлөлтийн археологичид Дундговь аймгийн Гурван сайхан сумын нутагт орших Ярх уулын дэргэдээс доод палеолитын үеийн нэгэн гайхамшигт дурсгалыг нээж олсон билээ. Энэ нь одоогоос 300 мянга орчим жилийн өмнөх үед холбогдох чулуун зэвсгийн дархны газар бөгөөд хасын хольцтой шаргал цахиурлаг чулуугаар хийсэн олон төрлийн зэвсэг багажийн дотор чулуун эдлэл хийх бэлтгэл чулуунаас ховхолсон залтсууд, хөндлөн огтлолоор гурвалжин хэлбэрийн хатуу хутган цуулдас, цохилтын нэг болон хоёр талбайт үлдэц, хянгар, хусуурын төрлийн зүйлс олон бөгөөд хамгийн сонирхолтой нь гилбэр ба ба үзүүр мэсэн зэвсгүүд юм. Эдгээр зэвсэг нь багаж  хийсэн арга барил болон бусад бүхий л шинжээрээ Өвөр Ази, Европ, Африкт ашель гэгдэх палеолитын шатанд өргөн тархсан гилбэр ба үзүүр мэсэн зэвсгүүдтэй адил байсан нь Монгол оронд хүн анх нутаглах болсон он цаг, тухайлбал неандерталийн өмнөх төрхийн хүн амьдарч байсантай шууд холбогдохын зэрэгцээ, Монголын палеолитын соёлын доод хөгжлийн зүй тогтлыг тодруулахад чухал ач холбогдолтой юм. Уг гилбэр зэвсгүүд нэлээд баргилдуу, хоёр хажуугийн хавтгай талыг ялтаслан цуулж зассанаас гадна ирэн талыг хоёр талаас нь ээлжлэн цохиж гаргасан зэрэг нь Европын гилбэртэй адил доргио иртэй болжээ.

Хоёр талаас нь зассан нөгөө үзүүр мэсэн зэвсгүүд нь Европын доод палеолитын микок гэгдэх шашны дурсгалуудтай адилавтар бөгөөд гилбэр зэвсгээ бодвол арай нимгэн, хавтгайдуу, хэмжээгээр бага болно.

Ярх уулын дурсгал нь Ази, Европын доод палеолитын үеийн соёл анхлан бий болсон тодорхой үүсвэр газар нутгийн тухай тухайн үеийн тогтсон зарим ойлголтыг хянан үнэнд ойртуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Учир нь 1970-аад оноос өмнө Америкийн эрдэмтэн И.Х.Мовнусын дэвшүүлж палеолит судлаачдын нэг хэсэг нь баримталж байсан “чулуун зэвсгийн үеийн орон нутгийн хөгжлийн тухай онол”-д хуучин чулуун зэвсгийн өрнө зүгийн орнуудад гилбэр зэвсэг бүхий хүмүүс, өмнөд ба зүүн өмнөд Азийн орнуудад мөлгөр хайрган чулууг хөндлөн хугалж зөвхөн нэг талаас нь ирлэж зассан зэвсэгтэй хүмүүс бүхий доод палеолитын соёлын хоёр том бүс байсан” гэж үздэг байв. Гэтэл Ярх хайрханы дурсгал олдсоноор “эрдэмтдийн судалгааны үр дүнд гилбэр зэвсэг хийж эзэмшигчдийн нутгийн хил хязгаар нэлээд хэмжээгээр тэлэгдэж “сонгодог” гилбэр зэвсэгтэн гэж нэрлэгддэг Африк, Баруун европ, Өвөр Ази, өмнөд Энэтхэгтэй нэг мужид Төв Азийн нутаг, түүний дотор Монгол орон багтах нь эргэлзээгүй” болсон билээ.

Археологич А.П.Окладников: “Ашел”-ийн соёлын ийм тодорхой шинж төлөв бүхий Ярхын соёл нь Европ, Кавказ, Энэтхэг, Африкаас гадна дорнод Азийн хувьд анхны бөгөөд цорын гац юм. Ямарч атугай Ярхын гилбэр мэсэн зэвсэг нь ашелийн үеийн арга барил, хэлбэр төрхөөрөө умард Хятад, Солонгосын нутгаас ганц нэг олдсон тохиолдлын хэлбэртэй “гилбэр” гэгдэх зэвсэг багажтай зүйрлэшгүй юм гэж бичсэн байдаг.

Монгол орны палеолитын эхэн үеийн дотоод хөгжлийг харуулах Ярхын дурсгалын нэг онцлог нь энэхүү гилбэр болон үзүүр мэсэн зэвсэг үйлдэж эзэмшигчид нь өрнө зүгийн доод палеолитын үеийн хүний нэг адил чулууг засаж, түүгээр хоёр талаас нь янзалж ирлэсэн зэвсэг хийх өөрийн тогтсон арга барилтай байсанд орших юм.

Монгол ба Европ гилбэр мэсэн зэвсгийн ижил төсөөтэй байдлыг тэртээ алс холын эртний хүнтэй тус орны мөн үеийн хүн ямар нэг гарал төрлийн холбоотой юм уу, эсвэл өөр хоорондоо харилцан нөлөөлөлцөж байснаар биш, зөвхөн гадаад шинжээрээ адил боловч тус тусдаа үүсэж хөгжсөн хоёр өөр соёл буюу, өөрөөр шатанд амьдарч байсан Ази, Европ хүний аль аль нь чулууг засаж гилбэр зэвсэг хийх нэгэн үзүүр санааг сэдэж олсноор тайлбарлах нь зүйтэй.

Үүгээрээ Ярх хайрханы хуучин чулуун зэвсгийн үеийн дархны газар нь бичигдээгүй түүхийн хэдэн зууны өмнөх үнэнийг өгүүлсэн, шинжлэх ухааны томоохон нээлт болсон юм. 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0