ЧИХЭН АГУЙН ЧУЛУУН ЗЭВСГИЙН ДУРСГАЛ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутаг мөн аймгийн Шинэ Жинст сумын төвөөс хойш 30- км-т шохойн чулуулгийн тогтоцтой агуй бий. Агуйн ам нь зүүн өмнө зүг хандсан бөгөөд өдрийн ихэнх хугацаанд нарны гэрэл сайн тусна. Үүдрүүгээ налуу. Урт нь 9,5 м урт, өргөн нь 5 м, өндөр нь 2 м харьцангуй том биш боловч хүн амьдрахад туйлын тохиромжтой нөхцөл бүхий агуй юм. Эл агуйг 1987 онд МЗТСХЭ-ийн А.П.Деревянко, Д.Дорж нарын удирдсан шинжилгээний анги анх олж илрүүлсэн бөгөөд 1995 оноос Монгол-Орос-Америкийн археологийн хамтарсан экспедицийнхэн малтлага судалгаа хийж байна. Малтлага судалгааны явцад ихээхэн хэмжээний чулуун зэвсгийн зүйл, урт удаан хугацаанд гал түлж байсан ором, амьтны яс болон ургамлын үлдэгдэл бүхий хүний амьдралын ул мөрийг хадгалсан дөрвөн соёлт давхарга илэрнэ.

Эдгээр давхаргаас анхдагч болон хоёрдогч шатны боловсруулалт хийгдсэн олон төрлийн хэдэн мянган чулуун зэвсгийн дурсгал олдсон юм. Тэдгээр нь өөрийн өвөрмөц онцлог, ангиллын хувьд бичил ялтсан зэвсгэн төрөлд хамаарах бөгөөд ер нь ялтсан зэвсэг энэ суурингийн гол шинж байсан гэж хэлж болно. Цөөн тооны хусууруудыг хийхэд том хэмжээний ялтас болон ялтсан залтсыг ашигласнаас бусад тохиолдолд жижиг ялтсуудаар зэвсгээ хийж байжээ. Мөн энд амьдарч байсан хүмүүс зуулга ир бүхий зэвсэг хийхийг гол зорилгоо болгож, элсэрхэг цахиур чулуу, хас, маныг өргөн ашиглаж байсан аж.

Эхний гурван давхаргын он цагийг гал голомтын оромнуудаас авсан нүүрсэнд хийсэн радио шинжилгээгээр тогтооход нэгдүгээр давхарга нь 8.055+-155, хоёрдугаар нь 8.940+-100, гуравдугаар нь 11.160+-160 жилээр баттай тогтоогдсон нь эрдэм шинжилгээний их ая холбогдолтой юм. Урьд өмнө Монгол нутгаас олдож байсан эндэхтэй адил арга технологиор үйлдсэн шаантган үлдэц, ялтсан зуулга иртэй зэвсэг бүхий нээлттэй суурингуудын дурсгалын он цагийнх нь хувьд шинэ чулуун зэвсгийн үед хамааруулан үзэж, 6-7 мянган мянган жилээс хэтрүүлэхгүйгээр тогтоож байв. Харин Чихэн агуйд хийсэн малтлага судалгааны дунд Монгол оронд бичил чулуун зэвсгийн үйлдвэрлэл хуучин чулуун зэвсгийн дээд ба мезолитын үеийн төгсгөлд бий болжээ гэж үзэх бололцоог олгосон билээ.

Дөрөвдүгээр соёлт давхаргын чулуун зэвсгийн зүйлс нь хийц байдал, хэмжээ, материалын хувьд эрс ялгаатай бөгөөд он цагийн хувьд мустьен дээд үед холбогдох боломжтой гэж судлаачид үзжээ. Энэ нь Орог нуурын суурингийн олдвор болон “Орхон-1” суурингийн доод үеийн дурсгалтай (38,600+-800 жилээр он цагийг нь тогтоосон) ихэд төстэй байжээ. Чихэн агуйд нэн эртнээс хүн оршин сууж байсан нь эндэхийн байгаль, экологийн таатай нөхцөлтэй холбоотой бөгөөд тухайлбал дараах гурван хүчин зүйлээр тайлбарлагдаж болно.

  • Зэвсэг хийхэд хэрэглэх чулуу (хас, мана, цахиурлаг элсэн чулуу)
  • Уулын бэлийн булаг руу ирдэг ан амьтдыг агнаж хүнсэндээ хэрэглэж байсан. Энд хамгийн сонирхолтой нь булгийн уснаас 350 м зайд байгаа хоёр талаараа өндөр эгц ханан хадтай 100 метр урт нарийн хавцал нь Чихэн агуйн арын уулнаас ус руу ирэх амьтдыг амдан шахаж хялбар агнах боломж бүрдүүлж байсан гэж хэлэх боломжтой.
  • Нарны гэрэл сайн тусдаг, хуурай, нөмөр нөөлөг ихтэй, усанд ойрхон зэрэг уг агуйн өөрийнх нь тохиромжтой байдал.

Чихэн агуйн чулуун зэвсгийн суурин нь дунд палеолитын төгсгөлөөс мезолит, неолитын үеийн, өөрөөр хэлбэл чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн гурван үеийн дурсгалыг хадгалсан, урт удаан хугацааны турш эртний хүн амьдарч байсан томоохон дурсгалт газар болох нь тогтоогджээ.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0