Археологич А.П.Окладников, Н.Сэр-оджав, Д.Дорж нарын 1961 онд
Сүхбаатар аймагт хийсэн хайгуул судалгааны үр дүнд нэлээд газраас шинэ чулуун зэвсгийн
үед холбогдох бууц суурин олж илрүүлсний нэг нь Сүхбаатар аймгийн Мөнххаан
сумын нутагт орших Устай Бургастайн суурин юм. Эндээс олдсон чулуун зэвсгийн
дурсгал нь Байгалийн орчим болон Байгалийн наад бие, Амар мөрний саваас олддог
дурсгалуудтай ижилсэх хандлагатай байгаа явдал нь тухайн бүс нутгийнхан нь бие
биедээ тодорхой хэмжээгээр материалын болон оюуны хөгжлийн нөлөө үзүүлдэг
байсантай холбоотой. Устай бургастай нь Мөнххаан сумын төвөөс урагш 10 км
зайтай газарт оршино. Эндээс нийт 62 үлдэц, 3 бэлдэц, болон цөөн тооны зэвсгийн
зүйлс, 1200 залтас, 464 ялтас зэрэг олдсон байна. Үлдцийг найман төрөлд ангилан
авч үзэж болох юм. Үүнд:
- Булангийн цуулалт бүхий үлдэц хэмээх
нэрээр орсон үлдэц-2 ширхэг.
- Говийн үлдэц-2ш. Тэдгээрийг ногоон
өнгийн цахиурын төрлийн чулуугаар хийсэн бөгөөд жижиг ялтас цуулж авч байсан
мөртэй.
- Зуулга ирт зэвсэг-4ш. Энэ төрлийн
үлдцээс ялтас салган авч байсан бөгөөд үлдэцний нэг захыг нь ирлэн нэгэн тэгш
жигд ир бий болгож нөгөө захаар нь мод болон ясанд суулган ашигладаг байсан
бололтой.
- Тэгш хэлбэрт төгсгөл бүхий шаантган
үлдэц 6ш.
- Цуулалтын эсрэг орших тал хавирга
хэлбэрийг үүсгэж хоёр талаасаа ирлэгдсэн үлдэц-2ш.
- Цуулалтын нэг тэгш талтай үлдэц-11ш.
- Харандаан үлдэц-9ш. Цохилтын нэг
талбайтай, үлдцийн бүх талаас нь тойруулан ялтас салган авсны ор мөртэй үлдэц.
- Ялтсан залтас цуулан авсны ор мөр бүхий
үлдэц-3ш.
Эндээс олдсон хөдөлмөрийн
зэвсгийг дотор нь том жижиг хэмжээний гэж ангилж болох юм. Том хэмжээнийхэд нь
газар тариалангийн хөдөлмөртэй. Холбогдсон зүйлс багтана. Үүнд: тээрмийн чулуу,
буудайн нунтаглагч нухуур, анжис зэрэг багтана. Бичил зэвсгийн төрөл нь сүхний
төрлийн зэвсэг, хянгар, зэвсэг үйлдвэрлэхэд чиглэгдсэн ирлэгч, таслагч, цохиур
чулуу, хусуурууд, булангийн цуулалт бүхий үзүүр мэс, хоёр төрлийн сумны зэв,
хутган ялтаснаас бүрдэл болж байна.
Хэдийгээр хийсэн материалынхаа хувьд харилцан адилгүй ч он цагийн хувьд нэг
үед буюу мезеолитийн төгсгөл неолитийн эхэн үед эдгээр дурсгалууд холбогдох
юм.