РАШААН ХАДНЫ ЗУРАГ, ДУРСГАЛ

Рашаан хад нь Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт Биндэр уулын зүүн урд хормойн цохио бүхий үзүүрт оршдог. Рашаан хад нь чулуун зэвсгийн үеэс эхлээд 16-р зууны үе хүртэлх он цаг үед хамаарах Монголын дорнод хэсгийн түүх соёлын баялаг дурсгалтай цогцолбор хэмээн археологичид онцолдог. Энэ орчимд чулуун зэвсгийн үеийн хадны сүг зураг, янз бүрийн бичээсүүд, чулуун зэвсэгнүүд, хүрэл, төмөр, хүннүгийн үед хамаарах булш олон байдаг. Мөн хүрэл, Хүннү, Кидан, Монголын эзэнт гүрний үед хамаарах түүхэн дурсгалууд байдаг. Рашаан хаднаа ан амьтан, хүнийг зургийг цоолборлон зурж, овгийн хэдэн зуун тамгыг сийлсэн байхаас гадна Кидан, Араб, Перс, Түвд, Хятад, Монгол бичгээр 20 гаруй бичээсийг бичиж үлдээжээ.

Рашаан хадны Түрэг бичээс: Рашаан хаданд байх эртний нүүдэлчдийн тамга бичиг үсгийн дурсгалыг анх 1961 онд эрдэмтэн Х.Пэрлээ илрүүлэн судалжээ.1979 онд Монгол Зөвлөлтийн түүх соёлыг судлах экспедици Рашаан хаданд байх бичээсүүдийн нарийвчлан судалж байхдаа өөр нэгэн Түрэг бичээс байгааг тодруулсан. Энэхүү хоёр дахь бичээсийн мөрний урт нь 60 см, үсэг зурлагын өндөр нь 17-20 см. Бичээсийн хойд талд нь янгирын дүрс сийлжээ. Анх олдсон Түрэг бичээсийг С.Харжубай, Х.Пэрлээ нар “атам апам ачигнун” гэж үгчлэн буулгаад орчин цагийн монгол хэлнээ “Эцэг өвгөдийн шан хишиг” гэж тайлжээ. Харин хоёр дахь Түрэг бичээсийг “сат атыч ерти” хэмээн үгчлэн буулгаад “Зоригтой ач хүү билээ” гэж орчуулжээ.

Рашаан хадны чулуун зэвсгийн суурин: Х.Пэрлээ 1943 онд судалгааны эхлэлийг тавиад 1960-1980 он хүртэл бараг жил бүр очиж судалгаа хийсэн байна. Хаданд буй олон тамгыг судалж нэгэн сэдэвт бүтээл хэвлүүлжээ. Харин чулуун зэвсгийн судалгааг 1973, 1974 онуудад Гурван голын шинжилгээний анги бага зэргийн туршилтын малтлага хийснээр эхэлж 1980-1981 онд Монгол Зөвлөлтийн хамтарсан экспедици энэхүү чулуун зэвсгийн үеийн сууринг малтаж 2.5 – 3.5 м гүн дөрвөн соёлт давхаргатай болохыг тогтоосон ба 2500 орчим чулуун зэвсэг, хэд хэдэн төрлийн амьтны яс гарснаас 1.5 м гүнээс савагт хирсний соёо олдсон нь чухал ач холбогдолтой олдвор болсон байна. Хуучин чулуун зэвсгийн үеийн хүмүүс Хэнтийн нуруу, тухайлбал Рашаан хадны орчим амьдарч байсан хүмүүс янз бүрийн цахиураар зэвсэг хийж хулан, арслан заан, савагт хирс зэрэг амьтадыг агнаж амьдардаг байсан бөгөөд хад цохионоо тэдгээрийн дүрсийг урлан үлдээжээ.

Одоогоос 15 000 – 8 000 жилийн өмнөх үед Төв Азийн цаг агаар уур амьсгал ихээхэн өөрчлөгдөж томоохон ан амьтад мөхөж эхэлжээ. Хүмүүс арай жижиг биетэй, хурдан түргэн хөдөлгөөнтэй ан амьтадыг агнах шаардлагатай болж, модны уян хатан чанарыг ашиглан нум сум гэх мэт холын тусгалтай нарийн багаж хэрэгсэл хийж эхэлжээ. Мөн түүнчлэн тэр үеийн хүмүүсийн амьдрал ихээхэн нүүдэл хөдөлгөөнтэй болсон байна.  Монголын газар нутгаас олдсон энэ үед хамаарах чулуун зэвсэгтэй ижил, тэр тусмаа эрдэмтэдийн нэрлэснээр “говийн үлдэц” бүхий чулуун дурсгалууд өмнөд Сибирь, Алс дорнод, Умард Хятад, Солонгос, Японы Хоккайдо арал, Америкийн Аляск зэрэг газруудаас олдсон байна.

Рашаан хадны зураг: Рашаан хаданд хуучин чулуун зэвсгээс дунд чулуун зэвсгийн үед хамаарах олон зуун тамга тэмдэг, амьтадын зураг, олон хэлээр бичсэн бичээсүүд хадгалагдан үлджээ. Х.Пэрлээ 1943,1968 онд судалгаа хийсэн бөгөөд зүүн зүг рүү харсан боржин чулууны нүүрэн талд 180, ар талд нь 40 гаруй, сэрвээнд нь 50 гаруй дүрс тэмдэг сийлснийг олж тогтоосон байна. Рашаан хадны баруун талын нэгэн хаданд өндөр сэрвээтэй, богино бүдүүн хөлтэй, урт хошуутай арслан зааны их биеийн ерөнхий тигийг хөвөөлөн цохиж дүрсэлсэн нь Уралын Каповой агуй болон Европын агуйнуудад дүрсэлсэн арслан заануудын дүрстэй тун төстэй ажээ. Бас нэгэн хавтгай хаданд гурваараа сүрэглэн яваа савагт хирсийг дүрслэхдээ сүрлэг том биетэй, өндөр сэрвээтэй, богино хөлтэй, хоншоороос дээш ээтийж гарсан хамар дээрхи эвэр, соёо зэргийг онцлон зуржээ.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0