ТАМСАГБУЛАГИЙН ШИНЭ ЧУЛУУН ЗЭВСГИЙН ҮЕИЙН БУУЦ

Дорнод аймгийн хуучин Тамсагбулаг сумын төвөөс зүүн урагш 7 км-т 10-12 метр өндөр эргийн ёроолоос унтарсан хүйтэн тунгалаг устай булаг бий.Булгийн эргийн эхнээс баруун зүүн тийш 2 км орчим үргэлжилсэн ганга руу бүхий дэнжид неолитын үеийн чулуун зэвсгийн залтас, хутган ялтас үлдцийн зүйл элбэг олдохоос гадна дэнжийн ханаар ялзмаг хар хөрст соёлт давхарга ил харагдах нь эртний сууцны хана туургын ул мөр буйг тод гэрчилнэ. Эдгээрээс нэгийг сонгон авч малтахад бараг бүтэн сууц гарсан билээ. Энэхүү оромж /сууц/ нь тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд 42,5 м2 талбайтай юм. Сууцнаас хутган ялтас цуулан авч байсан шовх үлдэц, зуулга ир суулгах ховил бүхий ясан хутга, сумны ясан зэв, бугын шүдээр хийсэн зүүлт зэрэг багаж зэвсэг, гоёл чимэглэлийн зүйл олдсоноос гадна сууцыг бүрэн малтан дуусгах явцад түүний хана талд булш байгаа нь мэдэгдсэн байна. Малтахад сууцны хойд ханан доор давчиг нүхэнд суугаа байдлаар нь баруун зүг хандуулан оршуулсан булш гарчээ. Булшнаас дундаа нүхтэй нимгэн дугариг танан зүүлт 200 орчим, мөн бугын соёоны уган талыг нүхлэн хийсэн хоолойн зүүлт 20 гаруй ширхэг,  малын чөмөг ясаар хийсэн хоёр ширхэг нарийн хурц үзүүртэй ясан шөвөг, зүүний хамт олдсон нь нэн сонирхолтой юм. Эдгээрээс гадна толгойн тус газар 20 см урт, 2,5 см өргөн ясан хутга хоёрыг тавьсан байжээ. Сууц болон булшнаас олдсон жинхэнэ неолитын үеийн олон тооны цахиур үлдэц, залтас, хутган ялтас, хусуур, шөвөг зэрэг чулуун зэвсгүүд нт Дорнод Сибирь, Байгалийн наад бие, Амар мөрний хавь нутгийн дурсгалуудтай нийтлэг шинжтэй байв.

Сибирь, Төв Азийн нэн эртний түүх нь шинэ чулууны үед буюу барагцаалбал Х.Т.Ө 5000-4000 жилийн өмнө ихээхэн нийтлэг шинжтэй байсныг археологич эрдэмтэд тогтоосон билээ. Дорнод аймгаас олдсон неолитын үеийн өөр хэд хэдэн суурин булшнаас хамгийн баялаг эд өлгийн дурсгал бүхий нь Тамсагбулагийн булш бөгөөд тэр нь бүтэн сууцны хамт олдсоноор Монголын неолитын үеийн оршин суугчдын аж ахуй, нийгмийн харилцаа, шүтлэг бишрэл, зан үйл зэрэг эдийн ба оюуны соёлын олон асуудлыг судлах чухал сурвалж болсон юм. Судлаачид дээрх сууц болон булшнаас гарсан эд, оюуны хэрэглэхүүнд үндэслэн тэдгээрийн холбогдох он цагийг Х.Т.Ө 4-3 мянган жилээр баттай тогтоожээ. 

 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0