САГСАЙ ГОЛЫН ЧУЛУУН ЗЭВСГИЙН ДУРСГАЛ

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутагт орших Сагсайн голын сав дагуух 150 км орчим урт хөндийд шинэ чулуун зэвсгийн арвин олдвор бүхий 12 суурийн газрыг 1983 онд Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн Чулуун зэвсгийн дурсгал судлах анги анх илрүүлэн олсон. Эдгээрийн суурин газрууд нь эртний болон харьцангуй сүүлийн үеийн мөстлөгийн хурдасны ул мөрийг агуулсан байдгаараа онцлогтой бөгөөд тус бүс нутгийн хөрсний өнөөгийн 0 түвшнээс дээш 10-220 м-ийн өндөрт байрладаг.

Дээрхи 12 суурин газраас нийтдээ говийн хэлбэрийн үлдэц 18, шүдэлсэн маягийн ир гаргасан зэвсэг нэг, хонхорхойтой зэвсэг дөрөв, хасуур болон хасуурын төрөлд оруулан тооцож болох зэвсэг 13, ир бүхий ялтас гурав, ялтас яс, залтас 32, чулуун зэвсэг үйлдвэрлэлийн явцад гарсан орхигдос долоон ширхэг тус тус олдсон байна. Өгүүлэн буй чулуун зэвсгүүдийг хар саарал өнгийн цахиурлаг чулуугаар үйлдсэн бөгөөд он цагийн хувьд нэлээд сонирхолтой зааг үед холбогдох юм. Үлдцүүдийн ерөнхий хийц төрх, хэлбэр хэмжээ нь шинэ чулуун зэвсгийн үед хамаарах арга технологийг илэрхийлж буй боловч зарим нэгэн дурсгал микролитын соёл буюу хуучин чулуун зэвсгийн үед хэрэглэдэгдэж байсан арга технологиор хийгдсэн байна. Энэ нь Сагсай голын хөндий дагуух уулсын нутагт Христийн тооллын өмнөх арван хоёр мянган жилээс хүн амьдарч байжээ гэж үзэх үндэслэлийг бий болгож байгааг анхаарах нь зүй. Гэхдээ эдгээр чулуун зэвсгийн дурсгал бүхий суурин газрууд нь харилцан адилгүй өндөрлөгтэй байгаа ил орших газрууд “нээлттэй суурингууд” болно.

Судалгааны явцад олдсон нэгэн сонирхолтой олдвор бол ямар ч тохиолдолд, ямар ч зэвсгийн зориулалтаар ашиглаж болох хусуурын төрлийн ирийг зэвсгийн урд талаас гаргасан 65 градусын налуу байрлалтай ир бүхий зэвсэг юм. Энэ зэвсгийг хутга, хусуурын зориулалтаар ашиглаж байсан байж болох бүрэн бололцоотой юм.

Сагсай голын хөндийд байрлаж буй шинэ чулуун зэвсгийн үеийн дээрхи 12 суурин газар олдсон олдвор болон байршлынхаа хувьд харьцангуй бага байгаа нь дээрхи газрууд хүн “түр зуур” сууж байсан болохыг батлаж байна. Өөрөөр хэлбэл анчид болон явуулын хүмүүс түр хугацаагаар буудаллаж байжээ. 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0