1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

БАЯНЗАГИЙН СУУРИН

Монгол оронд хүн анх нутаглах болсон асуудал нь хүн төрөлхтний анхны өвөг буюу мичин хүн орчин үеийн хүний төрх байдалд шилжсэн газрын нэг нь Төв Ази, түүний салшгүй хэсэг болсон Монгол орон байж болох тухай 1920-иод оноос Г.Ф.Осборн зэрэг эрдэмтдийн дэвшүүлсэн санаатай нягт уялдаатай юм. Тэднийхээр 70-аад сая жилийн тэртээ Төв Ази уул нуруу үүсэх үйл явц явагдаж, үүний улмаас цаг агаар хуурайшин өөрчлөгдсөн нь ой модонд амьдарч байсан хүн дүрст мич уулархаг хээр талын байдалд зохицон хойд хоёр хөл дээрээ явах болсноор анхны хүн буй болсон гэдэг таамаглалыг тэд дэвшүүлсэн бөгөөд түүнийг газар дээр нь шалгах зорилгоор Монголын өмнөд  хэсэгт 1922-28 онд Р.Ч.Эндрюсийн удирдсан Америкийн Төв Азийн экспедиц ажиллаж, Арц богд, Баянзаг зэрэг дэлхийд томоохонд тооцогдох чулуун зэвсгийн дурсгалуудыг нээн олсон юм.

Баянзагийн суурин нь Өмнөговь аймгийн Булган сумын нутагт буюу Говийн Алтайн уулсын өмнөд төгсгөл, Гурвансайханы нуруу орох замд оршино. Р.Ч.Эндрюсийн судалгааны анхны ангийнхны тодорхойлсноор уг дурсгалт газар Хаалганаас Ховд орох худалдааны замын дагууд Хаалганы баруун хойд зүгт 687,5 милийн зайтай газарт буй. Уг дурсгалыг 1925 онд Берке, Моррис нар илрүүлэн олж, Берке, Нелсон нар малтан судалжээ. Дараа нь уг дурсгалыг 1960-аад оны үед А.П.Окладников, 1985 онд Д.Дорж, А.П.Деревянко, Ж.Олсен нар үзэж судалсан байна. Эндээс олон мянган чулуун зэвсгийн дурсгал болон ваарны хагархай олдсноос хамгийн сонирхолтой нь археологийн ухаанд “Говийн үлдэц” нэрээр орсон үлдэц хусуур юм. Зэвсгийн төрөлд сумны зэв, зуулга ирт эдлэл, хутган ялтас, хусуур зонхилох хувийг эзлэх бөгөөд жадны үзүүр буюу гилбэр хэлбэрт зэвсэг ч тааралдана.

Шавар ваар савны хагархай нь зэрэгцээ болон шугаман, долгион, сараачсан хээтэй байна. Ваар савыг нь сэргээн үзэх оролдлого хийхэд хагас дэрэвгэр амсартай, цүдгэр бөөртэй, тэгш ёроолтой ваар байсан бололтой. Баянзагийн суурин нь шинэ чулуун зэвсгийн үед холбогдох юм. Учир нь дээд палеолитын үеэс шавраар ваар сав хийх оролдлого бий болж мезолитын үед нэлээд боловсрон неолитын үед  хээ бүхий ваар сав үйлдвэрлэдэг болсныг гэрчилж байна.

ТОО
0
0
0