АЛТАН-ОВОО (ТӨРИЙН ТАХИЛГАТ ОВОО)
Дарь-Овоо гэж нэрлэх нь ч бий. Дарьгангын галт уулсын нэг бөгөөд далайн төвшнөөс дээш 1354 метр өндөр. Дарьганга сумын төвийн дэргэд орших энэ уул нь Сүхбаатар аймгийн урд хэсгийн 6 суманд амьдардаг Дарьгангачуудын шүтэн биширдэг уул юм. XYII зууны үеэс нутгийнхан тахиж ирсэн бөгөөд 1913 оноос Богд хааны зарлигаар тахиж ирсэн. Монгол орны өргөн олныг хамарсан их тахилга хийдэг уулын нэг. Хэсэг хугацаанд тахилга зогсоод байсан энэ овооны тахилгыг 1990-ээд оны үеэс дахин сэргээж 2004 оноос эхлэн төрийн тахилгат уул болгожээ. 2004 онд оройд нь байх Алтан ганжирыг бүрэн алтадсан байна.
Алтан-Овоонд зөвхөн эрчүүд л гарч сүслэн мөргөдөг. Архи дарсаа өргөж, арц
хүжээ аравнайлдаг. Энэ овоо бол зөвхөн эрчүүдийн гараар боссон овоо юм.
Алтан-Овоон дээр эмэгтэй хүн гардаггүй бөгөөд харин эмэгтэйчүүд овооны баруун
урд орших арай намхан дэвсэг дээр гардаг, бас бэлээр нь тойрдог зам бий.
Алтан-Овоо баруун хойшоо сэтэрч урссан тогоотой бөгөөд овооны баруун талд Дуут
нуур, харин зүүн талд Шилийн богд уул байдаг. Алтан-Овооны сорогшин модыг
Отгонтэнгэр уулнаас залсан гэдэг. Овооны гол мод буюу амь модыг сорогшин хэмээнэ.
Энэ модыг авахдаа газар дэлхийн лус савдагт тахил балин идээ цайныхаа дээжийг
өргөж сан тавина. Сорогшин хэмээх мод нь мөнхийн ногоон, үр жимстэй мод байх
агаад манай оронд самрын модоор хийдэг ажээ. Алтан-Овоонд залсан тэрхүү
сорогшинг газар хүргэлгүй залж аваачсан тэр өдрөөс хойш 300 жил өнгөрчээ.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах