ДАДАРТ УУЛЫН БУЛШ

Монгол Зөвлөлтийн хамтарсан экспедици Туул голын хөндий Сонгинохайрхан уулын салбар болох Бурхантын гацааны амны зүүн хойно Дадарт уулын энгэрт нэгэн булш илрүүлэн малтжээ. 1.75 метрийн гүнд байх булшны хойд хажуу руу нас барсан хүнийг шургуулан оршуулж, толгойн баруун талд нь хонины дал, модон иштэй төмөр хутга, биений баруун талд 65 сантиметр урт бөгөөд дотроо 3 ширхэг төмөр зэв бүхий үйсэн хоромсог, биений зүүн талд гурван хөлт ширмэн тогооны хагархай, шаант чөмөг зэрэг зүйлүүдийг дагалдуулсан байжээ. Мөн хоёр ширхэг дөрөө хийсэн байсан нь Монголчуудын морины соёлд дөрөө чухал үүрэгтэйг илтгэнэ. Монголын эзэнт гүрний үед морьт арми нь буудаллахдаа эхний эгнээний цэргүүд дөрөөгөө цохиж дохио өгөхөд арын эгнээ дамжуулан түр бууж амарцгаадаг байсан байна. Энэ булшнаас хоол хүнсний зүйл гарч ирсэн нь XIII-XIY зууны үеийн булш болохыг илтгэдэг. Мөн булшнаас 50-60 орчим насны, 175 сантиметр өндөр хүний шарил, алтан чимэглэл бүхий бүсний хамт олдсон юм. Бүсний баруун талын ташаанд таарах хэсэгт цох хэлбэрийн зүүлт, түүний доод талд гонзгой хэлбэрийн хээ угалз чимэглэжээ.  Тус олдвор нь хөрөнгө чинээтэй язгууртан хүний байр суурийг илтгэж байгаа бөгөөд “Монголын нууц товчоо”-нд өгүүлснээр алтан гэр, алтан ээмэг, алтан сав суулга зэрэг нь эртнээс нааш талын язгууртнууд хэрэглэж ирсэн зүйлс юм. Эдүгээ ч Оросын газар нутгаас олдох монгол булшнуудаас алтан эдлэлүүд гарч ирдэг байна.

 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0