Дорноговь аймгийн Их хэт сумын нутаг, Бүсийн чулууны ард, Олонгийн усны
дэргэд Хэсэг байшин хэмээх газраас зүүн хойш оршдог Олон байшин гэдэг газарт
гадна талаараа хэрэмгүй эртний хотын туурь байх бөгөөд тэнд 50 гаруй орон
байшингийн нурсан үлдэгдэл бий. Төв барилга байсан болов уу гэмээр гозгор цац хэлбэртэй болсон нэгэн
барилгын үлдэгдлийн хоёр талаар болон хойгуур нь тойрч хүрээлсэн барилгуудын
ором бий. Зарим барилга нь хэлбэр байдлаараа Хэсэг байшингийн тэндэх
барилгуудтай тун адил боловч тойрсон хэрэм байхгүйгээрээ ялгарна.
Судлаачдын тэмдэглэснээр, Барилгын суурийг боржин чулуугаар байгуулаад
түүний дээр тоосгон хана өрөхдөө Хэсэг байшинд байгаатай адил хэвтээ болон
ташуу өрлөгийг хослуулан хийжээ. Дөрвөлжин зассан, голдоо нүхтэй, хонхорхойтой
чулуу олдож байсан нь баганын суурь, ивүүр байсан болов уу гэж үздэг. Чулуугаар
хийсэн тэвш мэтийн эд зүйлс, суварга хэлбэртэй байгууламжууд байсан хэдий ч
ямар нэгэн бичиг үсэгтэй хөшөөний зүйлс олдоогүй байна. Нутгийн ардууд Хэсэг байшин болон Олон
байшинг хоёуланг нь Тогоонтөмөр хаан үүсгэн байгуулсан хэмээн ярилцсаар ирсэн
бөгөөд 300 жилийн өмнө Сайн хун тайж сууж байсан хэмээх мэдээллийг 1821-22 онд
энэ нутгаар явж өнгөрсөн Оросын жуулчин Тимковский тэмдэглэсэн байдаг. Мөн 1847
онд энэ нутгаар дайран өнгөрсөн Хятадач эрдэмтэн Палладий Кафаров энд Манжийн
хааны хүргэн Хунтайж нутаглаж байсан гэх яриаг сонсжээ.
Энэ бүхнээс үзэхэд Хэсэг байшин, Олон байшин хоёр нь нэгэн цаг үед
байгуулагдсан бөгөөд Сайн хун тайж хэмээгч нь Хэсэг байшингийн хөшөөнд нэр гардаг үзэмчин зон олны Эрдэнэ
хунтайж Дэгэлэй мөн болох нь лавтай
ажээ. Тэрбээр албат ардаа дагуулан энд ирж нутаглаж байгаад 17-р зууны сүүл
хагаст Манжид эзлэгдэн уугуул нутагтаа буцах үед эзгүйрэн үлдэж хуучирч
эвдэрсэн бололтой. Хэдий тийм боловч энэ хоёр дурсгалыг 14-р зууны Тогоонтөмөр
хаантай холбон ярих уламжлал нутгийн олны дунд байдаг. Тогоонтөмөр хаан
Хятадаас буцаж ирэх үедээ байгуулан сууж байгаад эзгүйрч орхигдсон байсан
хуучин ор суурин дээр нь хожим дахин байшин барилга барьж цогцлуулсан байхыг
үгүйсгэх аргагүй юм.