Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Улаанбаатар хотоос зүүн хойш 180 километр газарт оршдог. Хэнтийн нурууны салбар Бага Хэнтийн нурууны өвөрт Хийдийн сарьдаг, Хүнхэр уул, Асгатын сарьдаг уулсын дунд орших үзэсгэлэнт нуур. Уулын тагтад далайн төвшнөөс дээш 1817.3 метр өндөрт оршдог. Зарим хүмүүс тус нууранд цутгал гол нэг ч байхгүй бөгөөд нуурын усны ундарга нь нуурынхаа гүнд буй хэмээн үздэг. Зарим судлаачид дөрөвдөгч их мөстөлтийн үед 20-80 метр өндөр, хааш хаашаа 5 х 6 килоеметр хэмжээтэй уулын хурдас мөнх цас цэвдэгт түрэгдэн уулсын ам хөндийг хааснаас үүдэн уулсын дундах хотгорт эргэн тойрны уулын оройд байх мөнх цэвдэг хайлж урсан хуримтлагдаж энэ нуур үүссэн гэж үздэг. Мөн газар доогуур зүүнээс Хийдийн гол, өмнөөс нь Давааны горхи цутгадаг ажээ. Ийм цутгал буй учраас Хойд мөсөн далайн ай савын загас жараахай элбэгтэй. Нуурын талбай 2.7 хавтгай дөрвөлжин километр, урт нь 2.5 километр, өргөн нь 1.1 километр. Дундаж гүн нь 11 метр бөгөөд хамгийн гүнзгий газартаа 25 метр хүрнэ. Эргийн зарим хэсгээр захаасаа дөнгөж 50 сантиметрийн цаанаас замагтай ус харлан харагдах нь энэ нуур хөлгүй гүн болохыг илтгэж байдаг. Хагийн хар нууранд очихын тулд машинаар явж болох газар хүртэл яваад, дараа нь явган эсвэл мориор аялан очдог.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Хагийн хар нуурын аялал сонирхож байвал энд дарна уу.