Нуурын талбай нь 615 хавтгай дөрвөлжин километр. Монголын зүүн бүсэд нуур цөөрөм цөөнгүй боловч түүний дотроос хамгийн том нь Буйр нуур юм. Хамгийн урт нь зүүн хойноос баруун урагш 40 километр, өргөн нь 21 километр, эргийн шугамын урт 113 километр. Ус хураах талбай 20200 хавтгай дөрвөлжин километр. Усны гүн нь дунджаар 6-10 метр боловч хамгийн гүн хэсэгтээ 10-50 метр хүрнэ. Нуурын өмнөд эрэг хавиар түрэлт давалгаагаар үүссэн 3-5 метр өндөр элсэн далан үргэлжлэх бөгөөд тэдгээрийн завсар хооронд жижиг нуурууд тогтож зарим нь үндсэн нууртайгаа холбогдоно. Мөн Буйр нууранд Халх гол цутгаж, Оршуун гол эх авч гардаг болохоор эргийн дагуу бургас, нишингэ шигүү ургасан байдаг. Буйр нуур маш цэнгэг устай нуур юм. Нуурын усанд гидрокарбонат, хлорид натри, кальц зэрэг элемент зонхилно. Буйр нуур загасаар маш баялаг бөгөөд загасны аж ахуй нь нутгийн ард иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болдог байна. 6 овгийн 36 зүйл загас, 49 зүйлийн хөвөгч замагтай. Булуу цагаан, цурхай, морин загас, амарын сугас, улаан далбаат, өлгөр цагаан, цулбуурт, мөнгөлөг хэлтэг зэрэг загас бий. Мөн зөвхөн энэ нууранд л байх “Улаан ном”-нд л бүртгэгдсэн “Леандер 1778” хавч амьдардаг.
Буйр нуурын тухай домог: Үзэсгэлэнт сайхан Хөлөн-буйр бол харсан, сонссон бүхний бахархал болсон газар юм. Мэлмэлзэн долгиолох Хөлөн далай, сөхийн сүндэрлэх Хянган даваа, цэцэг нь алагласан өргөн уудам хөдөө тал гээд сэтгэлээс уяатай нутаг юм. Энэ сайхан нутгийн тухай нэгэн домог бий. Эрт урьд цагт саруул талын дэнжид сүргээ хариулан аж төрдөг нэгэн Монгол аймаг байж гэнэ. Энэ отог аймагт Хөлөн гэдэг гоо үзэсгэлэнгээрээ цэцэг ичээж, гоолиг нуруугаараа хус атаархуулмаар охин болон Буйр гэдэг уул шиг сүрлэг биетэй, арслан барын хүчтэй, агсам хүлгэн унаатай сайхан эр аж төрөн суудаг байжээ. Хөлөн, Буйр хоёр нутаг нугынхаа дунд таван хошуу малаа хариулж, тараг, айргаа бүлж, тавтай тухтай, эрх дураараа аж төрөн амьдарсаар иржээ. Гэвч гай газар дороос, гахай модон дотроос гэдэгчлэн үйлийн үр хэлэлгүй хийсээд ирэв. Нэгэн өдөр арван таван толгойтой атгаалжин хар мангас, сэр сэр салхи татуулан, бүр бүр хур оруулсаар, тэнгэрийн хаяанд улаан тоос татуулан тал нутагт нь иржээ. Хөлөн охиныг булаан авч, гол мөрнийг нь ширгэтэл соров гэнэ. Ийнхүү мангасын явсан газар бүхэнд нь өвс ногоо ургахаа больж, хүн малтайгаа эцэж хатаад үхэхийн ирмэгт тулж гэнэ.
Буйр хүү үүнийг үзээд ажнай хурдан хүлгээ унаж, алд дэлэм илдээ агсаад, агаар огторгуйд дүүлэн дүүлсээр аюулт мангасыг дарж, ар нутгаа чөлөөлөн, хорт мангасыг дарж хонгор Хөлөнгөө аврахаар морджээ. Харвасан сум шиг, хальсан бүргэд шиг, наран ургахаас наран шингэтэл, хавраас намар, өвлөөс зун хүртэл давхиулсаар явжээ. Тэгээд нэг өдөр мориныхоо нурууг амраах гэж эмээлийг нь аваад хайртай хүлгийнхээ өвс зулгаах завсар дугхийж авав. Тэрхэн зуур түүний зүүдэнд хайртай охин Хөлөн нь үзэгджээ. Мангасын сүрээс үл сүрдэн, эсэргүүцсээр байсан тул уурлахын ихээр уурлаж, хилэгнэхийн ихээр хилэгнэсэн мангас түүнийг сараалан цэцэг болгон хувиргаад гал, наранд шарж үйлийг нь үзэж байна гэнэ. Буйр залуу энэ байдлыг хараад амь залгах гэж үлдээсэн ганц балга усаа цэцгэн дээр асгахад цэцэг тэр даруй Хөлөн охин болон хувилав гэнэ. Тэгж байтал мангас мэдээд Хөлөн охиныг дахиад булаан авав. Буйр арга ухаан сүвэгчилж, мангасын толгойд шигтгэсэн эрдэнийн сувдыг авч, амийг нь таслаад нутаг усаа аюулаас аварчээ. Гэтэл мангаст булаагдаад явсан Хөлөн охиныг хаанаас ч эрээд олсонгүй. Тэгээд мэлмэлзсэн тунгалаг нуурын хөвөөгөөр энэлэн шаналан явтал нь хүмүүс Хөлөн охин мангасын дарлалыг тэвчихэд бэрх болж, нуур болон хувирсан тухай хэлж гэнэ. Буйр үүнийг сонсоод хайртай хүнтэйгээ үүрд хамт байна хэмээн нуур руу үсрэн оржээ. Түүнээс хойш Хөлөн нуурын дэргэд бас нэг нуур бий болсон нь Буйр нуур хэмээн нэрлэгдэх болсон домогтой.
Буйр нуурыг тариалангийн газар болгосон Чингис
хааны зарлиг: Чингис хаан
Буйр нуур хавийн газраар олон удаа ирж байсан учир тэр хавийн газрыг их сайн
мэддэг байжээ. Чингис хаан Буйр нуур хавийн ус ихтэй, үржил шим сайтай газрыг
тариалангийн газар болгох талаар зарлиг буулгасан байна. Энэ тухай баримт,
түүхийн тулгуур бичигт тэмдэглэгдэн эдүгээг хүрч иржээ.
Буйр нуур
хавийн газар нутагт XII зуун, XIII зууны эхэнд тариалан эрхэлж байсан байна.
Түүхийн мэдээнээс үзвэл: 1202 оны нохой жилд Тэмүүжин /Елигүэн / Эргүнэ-өргөнө
гол хавьд байлдаан хийж явахдаа Хонгирад аймгийн Гүлэр Өндүрхин нарт “Зах
зүрхийг хуваан хүргэсэн нь Гүлэр Өндүрхин, Анчин, жич Хасарт өгч тариалангийн газар
болгож, Анчинд давтан ухуулсан нь Хэмүр өндүр /Хамар даваа / Дала наур, Тимигэр,
Гэмэгэн хээх, /Далай нуур/ Халх гол зэргийн газарт чи суугтан” гэжээ. Буйр нуур
хавьд тариалангийн ажилтай хүн ам түүнээс өмнө ч байснаас Тэмүжин тэр газрыг
тариалангийн газар болгожээ. Түүнээс хориод жилийн дараа үүгээр явсан Хятадын
эрдэмтэн Чан Чүний замын тэмдэглэлд 3-р сарын 1-ний өдөр элсэн зурвасыг гэтлээд
бу-юй-р /Буйр/ нуурт ирж хүн амьтантай уулзалдаж, олон хүн ард нь тариалангийн
ажил эрхэлж байсныг үзсэнээ бичжээ. Энэ
нь 1202 оны үеийн тариалангийн ажлын үргэлжлэл байв. 1223 онд Буйр нуурыг дайрч
Хятадаас Монголд ирсэн Чан Чүний тэмдэглэлд Буйр хавийн хүн ардын дийлэнх нь
тариа тарьдаг байсныг үзжээ. 1295 онд Татаар аймагт тариа боловсорсонгүй,
өлсгөлөн, ховор жил болж нэг сая хэлхээ цаасан мөнгө, торгыг Юан улсын хааны
сангаас олгосноос үзвэл Буйр нуурын тариалан нь XIV зууны эхэн хүртэл байсан
бөгөөд тэндэхийн хүн амын амьдралд нь их үүрэгтэй байсан бололтой. Тэр олон мянган
тэмдэгт цаасыг авч оронд нь тариачин Татаар нарт хэрэгцээт зүйлийг нь өгдөг
нэлээд том худалдааны суурин газрууд Монгол, тухайлбал Буйр нуур хавь түүний
залгаа нутагт байсны гэрч юм.
Дээр
дурдсан баримтаас үзэхэд Монголын эртний өсгөвөр ургамал нь шар будаа байсан
бөгөөд одоо ч гэсэн эх байдлаар тохиолдож буй төрлөөр үүссэн шүхэр будаа элбэг
тохиолддог. Тэр үеийн цаг агаарын таатай нөхцөл шүхэр ба толгойт будааны
өсгөвөрийн төрлөөс эх авсан нутгийн бэлэн үр тариаг ашиглаж байв. Хожим Хятадын
түүх сударт үүнийг бүдүүлэг хэмээн бичсэн нь өмнөдийн нөлөөгүйгээр Монголд эгэл
тариалан анхлан үүссэний нотолгоо юм.
Тэмдэглэсэн Ч.Буянбадрах
Буйр нуурын аялал сонирхож байвал энд дарна уу.