Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутагт Их газрын чулууны дэргэд морин хуурч, уртын дуучдын “Байгалийн задгай театр” байдаг. Аймгийн төвөөс зүүн тийш 90 километр, Говь-Угтаал сумаас баруун урагш 40 километрийн зайд байрлах баруун зүүн, хойд талаараа босоо тогтоц бүхий өндөр хадан хясаануудаар хүрээлэгдэж, урд хэсгээрээ задгай ам байдалтайгаар оршдог.
Тайзны диаметр нь 18 метр буюу радиус нь 9 метр бөгөөд газраас дээш 1 метр 40 сантиметр. Тайзны урд хэсэгт үзэгчдийн зориулалт бүхий талбайг засаж дээр нь асар байрлуулсан. Мөн 2006 онд тус задгай театрын дэргэд Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад нарын нэр алдрыг мөнхжүүлэх зорилгоор гэрэлт хөшөө босгож, “Уяхан замбуу тивийн наран” уртын дууны үгийг сийлэн мөнхөлжээ. Энэхүү цогцолбор дээр “Уяхан замбуу тивийн наран” хүндэтгэлийн тоглолт ба олон улсын бага наадмыг зохион байгуулахад Монгол, Хятад, Япон, Америк зэрэг орны уран бүтээлчид оролцжээ. Мөн “Туурайн төвөргөөн 2007” олон улсын хөгжмийн наадам, өсвөрийн болон насанд хүрэгчдийн уртын дууны олон улсын уралдааныг хүртэл зохион байгуулжээ. Энэхүү байгалийн задгай театр нь дуу хуурын өлгий Дундговь нутгийн үндэсний уламжлалт урлаг болсон морин хуур, уртын дууны дундаршгүй өв санг хойч үедээ үлгэрлэн үлдээх, дэлгэрүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол бүхий газар ажээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах