Дорноговь аймгийн Айраг сумын төвөөс баруун тийш 24 км
зайд оршдог. Анх баруунаас зүүн тийш 20 метр, хойноос урагш 45 метр, гүн нь 12
метр, 10.8 мянган метр.кв талбайтай хэмээн
тодорхойлогдож байсан бол эдүгээ нутгийнхны яриагаар 1.2 км урт болсон ажээ. Монгол
орны хамгийн урт агуйгаар тогтоогдсон ч өнөөдрийг хүртэл бүрэн гүйцэд
судлагдаагүй агуй гэж үздэг. Гар аргаар жонш олборлож байсан нүхнээс эгц доош
үүсэн гарсан, 4х5 метр өргөн амтай, 8-9 метр гүнд буух тавцантай. Тавцан нь
эргэн тойрон гэр хэлбэрийн хөндийтэй, дөрвөн талын хана хооронд 10 метр орчим
зайтай. Хөндийгөөс цааш мөлхөж явах хэмжээний тахирласан нарийн нүхтэй бөгөөд 2-3
метр үргэлжилнэ. Цааш явахад дахин дугираг хэлбэрийн мөсөн бүрхүүлтэй хөндий
гарч ирнэ. Цагаан дэлийн агуй нь хэмжээгээр томоохонд тооцогддог. 1990 оны үед
Монголын эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн судалгаа хийгээд араатан амьтны
толгой болон нүхтэй булууны яс авч явчээ.
Агуй судлаач, доктор Э.Авирмэд 2008 онд хэвлүүлсэн “Монгол орны агуй”
номонд бичсэнээр 1968 онд хайлуур жонш авч байсан 27 дугаар сувагт дэлбэрэлт
хийх үед доргилтоор агуйн ам нээгдсэн гэж үздэг.
Эдүгээ Цагаан дэлийн агуй байгаа газарт очиход байгалийн
дурсгалт газар гэхээсээ илүү ухагдсан, эргэн тойронд нь овоолсон шороо ихтэй
болжээ. Цагаан дэлийн агуйг тойроод ашиглалтын лиценз бүхий 10 компани жоншны
олборлолт хийдэг. Агуйн ам эвдэрч чулуун нуранги үүссэн байдалтай болсон учир
анх удаа очиж байгаа хүн уул уурхайн олборлолтын нүх гэж андуурахаар болжээ.
Агуйн ам орчмоос сайн чанарын жонш гардаг байна. Мөн жонш авахаар улайрч
байхдаа шороонд дарагдан 10 гаруй хүн амиа алдаж байжээ. 2010 онд Цагаан дэлийн
агуйг Айраг сумын байгалийн дурсгалт газар болгон 2013 онд орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан. Дотор хана мөсөн
талст бүрхсэн үзэмж бүхий гайхалтай, сэрүү татсан агаартай, агуйн гүнд цэнхэр
туяатай мөсөн унжлагатай, ёроолдоо жижиг нууртай, цэнгэг устай байсан гэдэг.