НОЁН, ХАТАН, ХҮҮ, БЭРИЙН ЧУЛУУ

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын ойролцоо Ноён, хатан, хүү, бэр нэртэй дөрвөн хүн чулуун хөшөө бий. Энэхүү дөрвөн чулууг хоорондоо өөр төрлийн, өнгө зүс ялгаатай чулуугаар харилцан адилгүй ур чадвар гарган хийсэн боловч ерөнхий байдал, өмсгөн дүрсэлсэн хувцас эд хэрэглэлээр нь нэгэн цаг үед хамаарах соёлын дурсгал болохыг тогтоожээ. Ард түмний дунд Бэр хөшөө хэмээн нэрлэгдэн ирсэн хүн чулууг ШУА-ын Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндорж судлан эрэгтэй хүний баримал  байна гэж тогтоожээ. Нутгийн ардууд ахуй амьдралдаа ойртуулах замаар домоглон Бэр хөшөө хэмээн нэрийддэг байсан байх хэмээн тайлбарлажээ. Түрэгийн үед хамаарах хувцас хэрэглэл бүхийгээр дүрслэгдсэн хүн чулуунууд буруу энгэртэй байдаг бол Монголын түүхэнд холбоотой хүн чулуунуудын дээл хувцасны энгэр нь зөв байдгаараа ялгарна.

Уг хөшөөдтэй холбоотой олон домог байдгийн нэг нь: Эрт дээр цагт энэ нутагт нэгэн ноёнтон албат ард, ахан дүүсийн хамт нутагладаг байжээ. Нэгэн удаа тэрээр албат ардаа цуглуулан их ан авд гарч Хөргийн хөндийгөөр зээр хөөн авлаж хөндийн хойд үзүүрт байх Бичигт хэмээх эгц цавчим ангал руу хашин шахаж үй олноор нь хаднаас унаган хүйс тэмтэрч устгажээ. Тэгээд үүнээсээ болж тэнгэрийн цээрлэл хүртэн удам угсаагаараа сүйрсэн гэдэг. Тэр ноёныхныг гэр бүлээр нь Хөргийн хөндийд нутаглуулан эд хөрөнгийг нь дагалдуулан хийж хүн чулуу босгон Бичигтийн хадан дээр “Хойч үеийнхэн ийм явдал дахин бүү гаргатугай” гэсэн утгатай бичиг сийлан үлдээсэн гэж ярьдаг байна. Харин судлаачид Дарьгангын хүн чулуунууд бол эзэн Чингис хааны алтан ургийн тахил тахилгын онгон хөшөө дурсгал хэмээн үздэг байна.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0