МОНГОЛ ТҮМНИЙ МОРИНЫ ИХ ШҮТЭЭН

Монгол түмний морины их шүтээн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас 15 километр газарт буюу алдарт Арвайн талд залж бүтээсэн их шүтээн цогцолбор юм. 2007 оны 8 дугаар сард ард олноо нээн хүртээл болгосон. Шүтээнийг босгосон газрын нэр нь Баян толгой бөгөөд эрт дээр үеэс хурдан морь уядаг хүмүүс тахиж шүтэж ирсэн төдийгүй алдарт Аравгар хээр хэмээх хурдан хүлгийн төрж өссөн газар ажээ. 1709 онд ламын гэгээнийг 5 настай хоёрдугаар дүрд тодруулан ширээнд залж их даншиг наадам хийхэд 1000 гаруй хурдан хүлгээс Аравгар хээр морь түрүүлэн ирж мөнхөрсөн ажээ. Их шүтээний төв хэсгийн талбайн диаметр нь 10 метр, хүндэтгэлийн хоёр багана нь 5 метр өндөртэй бөгөөд түүн дээр их шүтээнийг босгоход хувь нэмэр, хандив туслалцаа өргөсөн байгууллага хүмүүсийн нэрсийг мөнхжүүлэн бичжээ.

Хагас тойрог хэсэгт 12 багана босгож, хойморт нь 3 метр өндөр Дамдинянсан буюу хурдан морины сахиус бурхан Хаянхярвааг бүтээж шилэн гуунд байрлуулжээ. Төв дунд нь газар газрын хурдан морины төлөөлөл болгон алдарт аравгар хээрийн хөшөөг босгож, хүрд ба сангийн бойпор байрлуулжээ. 12 багана хооронд 10 дурсгалын самбар байрлуулж ивээн тэтгэсэн компаний нэрийг бичиж мөнхжүүлсэн байна.  Төв хэсгийн гадна талаар 25 метрийн диаметртай тойрог бүхий хашаа барьж, дотор талаар нь мод тарьж, орох талдаа 3 метр өргөн явган хүний замтайгаар бүтээжээ. Гадуурхи 108 суварга нь 2008 оны 5 дугаар сараас эхлэн баригдсан бөгөөд түүний 96 суварга нь 2.6 метр өндөр бол үлдсэн 12 суварга нь 3 метр өндөр юм. Суварга болгоны сууринд жаргалын найман морийг хоёр хоёроор нь дөрвөн талд нь гадагш харуулан бүтээж, суурины дотор талд нь найман тахилыг хоёр хоёроор нь дөрвөн талд нь тус тус товойлгосон байна. Эдгээр нь бурхадад байнгын өргөл өргөж байгааг илтгэхийн зэрэгцээ ард түмэн маань жаргалын найман морь шиг үргэлжийн аз жаргал, цог хийморьтой байхыг бэлгэджээ. Монгол түмний морины их шүтээн цогцолборын ерөнхий архитектороор ШУТИС-ийн багш Ц.Мөнхмандах ажиллаж, хурдан морины хөшөө, Хаянхярваа бурхан, 108 суваргыг Г.Энхтөр ахлагчтай урчууд, уран барималчид хийж гүйцэтгэжээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0