1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ИХ ГАЗРЫН ЧУЛУУ (БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР)

Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан сумдын нутагт орших Их газрын чулуун уул нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг юм. Хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрын нэг бөгөөд байгалийн үзэсгэлэн, газарзүйн онцлогийг хамгаалах зорилгоор 2003 онд нийт 35000 га газрыг улсын тусгай хамгаалалтанд авчээ. Мандалговь хотоос зүүн урагш 80 километрт оршдог. Их газрын чулуу нь хойш урагшаа чиглэлтэй 30 орчим километр орчим үргэлжилсэн, өргөөшөө 15 километр сунаж тогтсон, 600 шахам хавтгай дөрвөлжин километр талбайтай. Хоёр хэсгээс тогтох бөгөөд хамгийн өндөр цэг нь 1706 метр өндөр Ерлөг уул юм. Их газрын чулууны боржин цохио нь ухаа ягаан өнгөтэй, том ширхэгтэй талстуудаас бүрдэх ба тууш, босоо, хөндлөн янз бүрийн хагарал газруудтай, хойш урагш, баруун зүүн тийш гудамлан эгнэсэн мэт харагддаг.

Их газрын чулууны бүсэд Тоонот, Агуйт, Эхийн умай, Рашаант зэрэг 40 гаруй агуй байдаг бөгөөд тэдгээр нь зүүн хэсгийн Өлзийт, Сүмбэр уулын урд хэсэгт салангид орших боржин цохионд байдаг. Агуйт хэмээх газар нь боржин цохионы баруун урд байрладаг бөгөөд энэ агуй руу  2 метр өргөн, 5 метр өндөр зууван амаар орж 11 метр яваад мухарт нь тулна. Тоонотын агуй нь Агуйтын хадны ар бэлд оршино. Нийт урт нь 27 метр бөгөөд агуйн төгсгөл хэсэгт орой нь цоорхой тул Тоонот гэж нэрлэжээ. Өлгий агуй нь Тоонотын агуйгаас зүүн тийш 1.4 километрт байрлах бөгөөд эрт үед энэ агуйд ном судар их байдаг байсан гэлцдэг. Өвгөнт, Сэнжит хад, Гуа өлгий, Унаа хад, Боов хад, Лусын эзэн, Хаан хатан хоёр загасны ам зэрэг олон сонин тогтоц бүхий хад чулуутай. Эдгээр агуйнууд нь үзэж сонирхоход газрын бартаа багатай, хоорондоо ойрхон орших тул явган аялал хийх боломжтой юм. Их газрын чулууны баруун урд захад алдарт уртын дууч Намжилын Норовбанзад гуайд зориулсан дурсгалын хөшөө буй. Мөн “Талын цуурай”, “Ичээнд нь”, “Бушхүүгийн үлгэр”, “Загийн алим”, “Тууврын замд” зэрэг киноны зураг авалтуудыг хийжээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах

ТОО
0
0
0