Дорнод аймгийн Халхгол сумын төвийн өмнө 7 километр зайд байдаг бөгөөд XIII-XIY зууны үеийн язгууртан хүний оршуулгын зан үйлд зориулан босгосон хүн чулуу гэж үздэг. Тэр үеийн хүн ард оршуулга үйлдэхдээ нас барсан хүнийхээ сүнс, хойд насыг эрхэмлэн дээдэлдэг заншилтай байсан төдийгүй онгон шүтээний мөнхийн харуул болгож хүн чулуу босгодог байсан хэмээн судлаачид тайлбарладаг. Монголын зүүн хэсгээр тохиолдох хүн чулуунууд нь ихэвчлэн Түрэгээс хойшхи үед хамаардаг бөгөөд сандал дээр суулгаж, дээл хувцастайгаар, гарт нь ямар нэгэн зүйлийг бариулсан зэргээр бүтээсэн байдаг нь урлал хийцийн хувьд нилээн давуу юм.
Шонх таван толгойн хүн хөшөө нь 164 х 61 х 41 сантиметр хэмжээтэй, цагаан өнгийн гантиг чулуугаар урласан, түшлэгтэй исэр сандалд заларсан, зүүн гартаа урт иштэй цомбон хундага барьсан, баруун гараа сандлын тохойвч дээр тавьсан байдалтай, өргөн нүүртэй, жартгардуу том нүдтэйгээр урлажээ. Толгойд нь бөмбөгөр оройтой, зузаан хүрээтэй, ардаа залаа бүхий дугираг малгай өмсгөж, хоёр чихнийх нь араар багцалж боосон шибилгэр гэзэг унжуулжээ. Дээлнийхээ гадуур богино ханцуйтай, урт хормойтой, хоёр ташаандаа оноо бүхий хувцас давхарлан өмссөн бөгөөд тэр нь ганц өргөн эмжээртэй ташуу энгэртэй. Хөлдөө шовгордуу хоншоортой, нимгэн ултай гутал өмсөж, сандлын дорхи тавцан дээр гишгэсэн байна. Энэ хөшөөнд дүрсэлсэн хувцас, гэзэг, эд юмс, сандал суудал зэрэг нь XIII-XIY зууны дурсгал болохыг гэрчилнэ. Нөгөө нэг хүн чулууг шаргал боржин чулуугаар урласан бөгөөд суугаа хүний дүрс оруулан хийсэн ба түрүүчийнхээс баруун хойш 200 метр зайд байдаг. Мөн адил олон нарийн дүрслэлтэй юм. Эдгээр хоёр хүн хөшөөг 1962, 1969, 1984 онд судлан шинжилжээ. Энэхүү Шонх таван толгойн хүн хөшөөний дүрслэлийг маш нарийн гаргаж урласан байдаг нь бүхэл бүтэн чулуун сийлбэр болсон хэмээн судлаачид үздэг. Өмнөх хүн хөшөөний хуулбар бүтээлийг Монголын Үндэсний музейд шилэн хоргонд байрлуулжээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах