• Архангай аймаг
    ТӨВХӨН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ШИЛИЙН БОГД УУЛ (БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР)

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд зүүн урагш 60 километрт далайн төвшнөөс дээш 1778 метрт оршдог. Тал нутгийн хамгийн өндөр, унтарсан галт уулын нэг юм. Шилийн Богд уулын тогоо нь баруун хойшоо сэтрэн урссан бөгөөд амсар нь 2 километр орчим өргөн, 300 орчим метр гүнзгий ажээ. Шилийн Богд уулан дээрээс Зотол хан, Дөш зэрэг 200 орчим эртний сөнөсөн галт уулыг харж болох бөгөөд уулсын оройг зориуд засаж янзлан зүсэж авсан мэт үнэхээрийн үзэсгэлэнтэй харагдана. Энэ хавийн уулс нь авдар, дөш, сэнжит, ацаа гэхчилэн галт уулын шовгор дүрс хэлбэрээрээ нэрлэгдсэн байдаг. Их талын хамгийн өндөр уул учраас тал дээр хааш хаашаа 60-аад километр алсаас майхан барьчихсан юм шиг шовгор харагддаг. Шилийн богдын зүүн дор агтны хүрээ гэж дугуй тогоотой талын намхан галт уул бий. Шилийн богд дээрээс тод харагдана. Эртнээс нааш Монголчууд Шилийн богдыг шүтэн биширч өглөөний ургах нарнаар гарсан эр хүний хийморь сэргэж хүлгийн шандас хөвчирдөг гэлцдэг.