Байгалийн үзэсгэлэн төгөлдөр Чойрын Богд уулыг байгалийн нөөц газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтанд авсан. Чойрын Богд уул нь Говьсүмбэр аймгийн ард түмний бахархал болсон уул юм. Уг уул нь аймгийн зүүн урд захад, Монгол орны их боржингийн бүсийн хамгийн баруун зах нь болон оршдог. Чойр хэмээх нэрний тухайд бол, буддын гүн ухаан судлалыг “чойр” гэх бөгөөд энэ уулынд байх Чойрын хийдэд шашны өндөр боловсролтой лам нар хол ойроос зорин ирж их ном хаялцдаг байжээ. Тэгээд энэ уулыг Чойрын богд уул хэмээн хүндэтгэн нэрлэх болсон байна. Тус хайрханыг орон нутгийн тусгай хамгаалалтанд 1997 онд авч, УИХ-ын 2011 оны 1-р сарын 20-ны өдрийн 4-р тогтоолоор байгаль орчны тэнцвэрийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан.
Энэ хайрхан нь өвөрмөц тогтоцтой хад
чулуу элбэгтэй, хойд талаар нь хүн, амьтан ундаалах байгалийн үзэсгэлэнт газар
бөгөөд аргаль янгир, чоно, үнэг, туулай, цармын бүргэд, идлэг шонхор зэрэг ховор амьтан жигүүртэн шувууд, ховор ургамал
элбэгтэй. Эдүгээ тус ууланд 200 гаруй аргаль хонь нутагшиж байна. Чойрын Богд уулын ойр орчимд түүх
соёлын дурсгалт газрууд, зураг дүрслэлүүд бий. Дагвасүндэл бурхан, Зүүн Жанжин
Чойрын хийдийн туурь, түүний дэргэд Цагаан дарь эх бурхан, Хүслийн хад,
Хүүхдийн овоо, Илдний зурагтай хад, эртний хятадын төмөр утасны хорооны туурь,
Дугар Мээрэнгийн хөшөө гэх мэт газруудтай.
Чойрын богд уулын тухай янз бүрээр домоглон ярьдаг бөгөөд эзэн Чингис хаан урагш хийж буй аян дайны үедээ энэ уул хавиар нутаглан түр амарч саатаад аян замаа цааш үргэлжлүүлдэг байсан гэх. Нэгэн хадан дээр байх тэмээний мөрийг Чингис хааны унаж явсан тэмээний мөр хэмээн ярина. Мөн өөр нэг хаданд байх жижиг нүхээр бүхэл бүтэн уурга яваад орчихдог байна. Тэр уургыг доош явуулах тусам хангинаж жингэнэн дуугардаг ажээ. Түүнийг “Чингис хааны цоож” хэмээн нэрлэн ярилцдаг байна. Нутгийн иргэд энэ уулнаа аялсан
гадна дотны хэн бүхэнд ач ивээлээ өгдөг сайхан нутаг хэмээн итгэж ирсэн бөгөөд
зочин гийчиндээ газарчилж өгөх дуртай аж. Чойрын богд ууланд гарахад ойр орчмын
газрууд цэлийн харагдах нь гайхалтай сэтгэгдэл төрүүлнэ.
Эх сурвалж: Монгол орны лавлах