ЧОЙР УУЛ - ЦАГААН ДАРЬ ЭХИЙН ХӨРӨГ

Зүүн Чойрын хийдийн Цогчин дуган байсан газраас холгүй арын уулын хаданд Цагаан дарь эх бурханы хөрөг бий. 1820 оны үед барзгар боржин чулуун хадны элгэн биенд цаанаасаа урган гарсан мэт товойлгон дүрсэлж бүтээжээ. Хөрөгийн өндөр нь 240 сантиметр бөгөөд Чойр дацангийн гол хаалга чиглүүлэн нэгэн бурханч ламаар бүтээлгэжээ. Бурханы хөрөг байгаа хадны ар талын хадан хананы дунд нэгэн нүх байдаг бөгөөд түүнийг “хүслийн хад” хэмээн нэрлэнэ. Тэрхүү нүхэнд толгойгоо шургуулан зөвхөн ганц хүсэл хэлж шивнэдэг байна.

Цагаан дарь эхийг шүтвэл элдэв аюулт зовлон, өвчин зэтгэрийг арилгаж, аз жаргал, нас буян арвиждаг хэмээн үздэг. Тус бурханд мөргөхдөө зүүн өвдөг тушаа нь сөгдөж мөргөөд “Ум дари дүд дари дүри ма ма аюур буниа зина бусдэм гүрү сууха” хэмээх зүрхэн тарнийг 3-21 удаа уншиж арц хүж, идээ тахил тавьж, Дарь эхийг бүтэн тойрч мөргөдөг байна. Түүний дараа “Арын Цагаан дарь эх, эзэн сүлд Оцол гурван сансар Сүмбэр уул усны эзэн Дагвасүндэл, Цамбагарав минь” хэмээн юу санасан есөн хүслээ хэлж залбираад намайг болон бид бүгдийг дээрээс минь тэтгэж, урдаас минь угтаж, араас минь дагаж, санасан санаа үйл хэргийг минь идээ мэт арвин, сүү мэт цагаанаар ширхэгчлэн бүтээж хайрла” хэмээн айраг, тараг, сүүгээ уулын зүгтээ өргөдөг байна. Харин Цагаан дарь эхийг тойруулан чулуун овоо босгох, сүү саалийнхаа дээжийг ариун бие рүү нь цацаж өргөх, тос нялж мөргөхийг цээрлэдэг байна.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0